Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолооч илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2016-08-27 14:18:24

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр нийт 316 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 248 дуудлага бүртгэгджээ.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1, зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртжээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан гэдгийг албаныхан хэлж байна.
Тухайлбал, СБД-ийн нутаг Чагдаржавын гудамж, “Edelweiss” зочид буудлын урд замд H.Grace маркийн авто машины жолооч Л нь явган зорчигч 57 настай эмэгтэй Ц-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Мөн СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Хархорин захын хойд замд Тэнүүн огоо ХХк-ны H.Aero city маркийн автобусны жолооч П нь зорчигч 42 настай эмэгтэй О-г унагаж гэмтээсэн байна.

Ховд аймгийн Буянт сумын нутаг Цагаан бургас багийн Хар цохио гэх газар шороон замд N.Carina маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 42 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироожээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ