ТӨВ: Төв аймгийн баг үндэсний Алтан цомын төлөөх барилдааны дараагийн шатанд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-10-11 07:27:50

Төв /МОНЦАМЭ/ “Үндэсний Алтан цомын төлөөх барилдаан”-ы цувралын ес дэх өдрийн барилдаанд Сонгинохайрхан дүүрэг, Төв аймгийн багтай учраа тааран барилдсан юм.

Уг барилдаанд Төв аймгийн баг 19:6 онооны харьцаагаар илүүрхэн ялж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ өвөртлөн шагналын 5.000.000 төгрөгийг гардан авсан байна. Төв аймгийн багт улсын начин Г.Ганжад /4 даваа/, Д.Хүдэрбулга /5 даваа/, аймгийн арслан П.Эрхэмжаргал /3 даваа/, И.Мандах /3 даваа/, Н.Дашдаваа /4 даваа/-тай барилдсан бол Сонгинохайрхан дүүргийн багт аймгийн арслан М.Батцэнгэл, Б.Төмөрбаатар /1 даваа/, Н.Намнансүрэн /1 даваа/, аймгийн заан Л.Даваажамц /1 даваа/, аймгийн харцага Д.Пүрэвдорж /3 даваа/-тай барилджээ.

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос санаачлан зохион байгуулж байгаа “Үндэсний Алтан цомын төлөөх барилдаан”-д 21 аймаг, 9 дүүрэг, Улаанбаатар хотын баг болон Тува улсын 1 баг, нийт 32 баг оролцож байна.

Энэхүү тэмцээнийг 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 6 дугаар сар хүртэл тэгш тоотой саруудын эхний 14 хоногт зохион байгуулах бөгөөд цуврал барилдааныг тэгш тоотой 10, 12, 2, 4, 6 дугаар сарын эхний хагасын даваагаас пүрэв гарагт барилдуулах юм байна.  

“Үндэсний Алтан цомын төлөөх барилдаан”-ы нийт шагналын сан 650.000.000 төгрөг байх бөгөөд түрүүлсэн баг 200.000.000 төгрөг, шилжин явах “Алтан цом”, хоёрдугаар байрт шалгарсан баг 50.000.000 төгрөгөөр урамшуулах юм. Мөн түрүүлсэн багийн хамгийн олон даваа авсан бөх “Шилдэг бөх”-ийн “Алтан цом” гардана. Багийн барилдаанд ялсан баг тус бүр барилдаан бүрийн дараа 5.000.000 төгрөг гардан авах юм байна. Түүнчлэн барилдааны нэг давааг 100.000 төгрөгөөр тооцож урамшуулал олгохоор болжээ. 

Холбоотой мэдээ