108 иргэн багцын үйлчилгээнд бүрэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-05-23 16:11:00

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ сарын 20-ны байдлаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Дэмжих төв”-өөр 108 иргэн багцын үйлчилгээнд бүрэн хамрагджээ. Сүүлийн үед байгууллагууд нэгдсэн зохион байгуулалтад орж, ажилчдаа үзлэгт хамруулж байгаа аж. Ингэснээр эрт илрүүлгийн үзлэгийн тоо эрс нэмэгдэх хандлагатай болжээ. Үзлэгийн явцад 31-45 насныхны идэвх илүү байгаа нь ажиглагджээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төв бүрэн хүчин чадлаараа хараахан ажиллаж чадаагүй байна. Энэхүү урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг оношилгоог зорилтот бүлэгт бүрэн хүргэхийн тулд Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-наас “Дэмжих төв”-ийн үйл ажиллагааг дэмжиж багаж тоног төхөөрөмжөөр хангахаар заасан байгаа аж. Гэвч өнөөдрийн байдлаар тус төвд эхоны 2 ширхэг аппарат, сонсголын буюу чих хамар хоолойн иж бүрэн тоног төхөөрөмжүүд иржээ. Бусад тоног төхөөрөмж хүлээгдэлтэй байгаа аж.

Тодруулбал нас насны багцад тохирсон дурангийн аппарат гэх мэт багаж, хэрэгсэл хараахан ирж амжаагүй байгаа аж. Гэсэн хэдий ч Нэгдсэн эмнэлэгээс дотоод нөөц бололцоондоо тулгуурлан үзлэг, оношилгоог хийж байна гэлээ. Удахгүй багаж хэрэгслээр бүрэн хангагдана хэмээн эмч нар ярьж байна. Байр савны хувьд эмнэлгийн нэг хэсгийг ашиглаж засвар үйлчилгээ хийж тохижуулжээ. Одоогоор хүний нөөц насны багцаас хамаарч гурван эмч, зургаан сувилагч, үйлчилгээний болон цахимын ажилтан гээд 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үйл ажиллагаа эхлээд удаагүй тул цаашид хүний нөөц болон өдөрт үйлчилгээ авах иргэдийн тоог судалгаанаас хамаарч тогтоох гэнэ.

“Дэмжих төв”-ийнхөн үзлэг оношилгоог эмх цэгцтэй байлгах зорилгоор эхний ээлжинд цөөн шинжилгээтэй тул 18-30 насны багцыг түлхүү хамруулахаар ажиллаж байгаа гэв. Гэхдээ бусад багцын шинжилгээ авдаг журмаараа явж байгаа аж. Тогтоолд заасны дагуу төрсөн өдөр нь болсон иргэн “Дэмжих төв”-д сайн дураараа үзлэгт хамрагдах бөгөөд хүсэлтийг биелүүлж багцын үзлэгт хамруулах аж. Үүнээс гадна архаг суурь өвчтэй, эмчийн хяналтад байдаг, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон, жирэмсэн гэх мэт зорилтот бүлэгт хамрагдах иргэд амбулаториор үндсэн тусламж үйлчилгээ авах журамтай юм байна.

“Дэмжих төв” нь эрүүл иргэнийг эрт үед нь оношлох зорилготой бөгөөд үзлэг оношилгоонд хамрагдах 18-аас дээш насны иргэд Эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдсан байх шаардлагатайг анхааруулж байна.

Эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсанаар эрсдэлээс урьдчилан сэргийлэх, биеийн байдлаа хянах, аливаа өвчин эмгэгийг эрт үед нь оношилж амьдралын чанараа сайжруулах зэрэг ач холбогдолтой юм. Хэрвээ өвчний шинж тэмдэг илрээгүй бол урилга ирэхийг хүлээж байгаад, урилгад заасан хугацаанд үзлэгтээ хамрагдахыг мөн эмч зөвлөлөө. Ингэхдээ 17 хүртэлх насны хүүхдүүд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд, 18-аас дээш насны иргэд харьяа сум, өрхийн ЭМТ-өөс урилга авч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Эрүүл мэндийг дэмжих төв”-д хандан үзлэг, оношилгоонд хамрагдах юм.



Холбоотой мэдээ