СЭЛЭНГЭ: Монголын хойд бүс нутгийн боловсролын төвийг Бугант тосгонд байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд Монгол-Солонгосын
хамтарсан Ногоон хэрэм төслийн хүрээнд ойжуулалтын технологийг түгээн
дэлгэрүүлэх зорилго бүхий “Сургалт мэдээллийн төв”-ийг байгуулан ашиглалтад
орууллаа.
Энэхүү сургалтын төв нь 150 м.кв
хэмжээтэй бөгөөд өвлийн улиралд ашиглалтын зардал багатай байхаар тооцон барьжээ.
Тодруулбал халаалт хэрэглэхгүйгээр нарны эрчим хүчээр дотоод орчны температурыг
20 хэмээс дээш байлгах боломжтой пассив (Passive House) технологиор барьсан
байна.
Уг төсөл нь 2022 оноос 5 жилийн турш
хэрэгжих бөгөөд энэ жил 4 дэх жилдээ Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд хэрэгжиж
байгаа юм.
Төслийн зорилго нь Бугант нутагт
доройтсон ойн нөхөн сэргээлт болон ойг нөхөн сэргээх суурь дэд бүтцийг бий
болгох юм.
Тосгоны нутаг дахь төслийн талбайд
2023 оноос эхлэн 15 га талбайд хашаа, цахилгааны тоног төхөөрөмж, усалгааны
систем, 9 хүлэмж, 7 бойжуулалтын хүлэмж, контейнер агуулах, газрын доорх
агуулах, бордооны агуулах зэрэг мод үржүүлгийн суурь дэд бүтцийг бүрдүүлэн, мод
үржүүлгийн газрыг байгуулаад байгаа юм.
Энэхүү төслийн талбайг Монголын хойд
бүс нутгийг чанартай үр, суулгацаар хангах мод үржүүлгийн газар болох зорилготойгоор
зорин ажиллаж байна.
Ингэснээр уг талбайг үр үржүүлэг
болон ойжуулалтын технологийг заан сургах Монголын хойд бүс нутгийн боловсролын
төв болох юм.
Түүнчлэн дээрх төслийн хүрээнд тус тосгонд утаа, дулаан мэдэрдэг “Түймрийн цамхаг” байгуулсан байна.
Монгол Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл нь 2006 оны 5-р сард БНСУ болон Монгол Улсын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтаар Монгол Улсын "Ногоон хэрэм" төслийг дэмжихээр харилцан тохиролцож, улмаар БНСУ-ын Ойн агентлаг болон Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсны үндсэн дээр 2007 оны 3-р сард байгуулсан засгийн газруудын хоорондын хамтарсан төсөл хэрэгжүүлэх байгууллага юм.


