Охидын төрөлтийн тоон үзүүлэлтийг 10 жилийн байдлаар гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-05-12 11:26:13

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЭМГ-ын дэргэдэх "Ирээдүйн босго" өсвөр үеийн эрүүл мэндийн төвийг 2003 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 124\166 тоот тушаалаар байгуулсан. 19 жил үйл ажиллагаа явуулж буй уг төв нь одоо өсвөр үеийн их эмч, зөвлөгч бага эмч, хүлээн авагч сувилагч гэсэн орон тоотойгоор ажиллаж байна.

Тус төв нь өсвөр үеийн зөвлөлийн 16 гишүүнтэй ба сум бүрд өсвөр үеийн зөвлөлтэй, 6 суманд "Эмч" клубийг ажиллуулдаг байна. Тус төвийн зарчим нь үйлчлүүлэгчийн нууцыг чанд хадгалж, харьяалал харгалзахгүй үзлэг, шинжилгээ үнэ төлбөргүй хийх нэг цэгийн үйлчилгээтэй юм.

"Ирээдүйн босго" өсвөр үеийн эрүүл мэндийн төв нь өсвөр үе, залуучуудад анхан шатны тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг хийх, тэдний өвчлөл, төрөлт, нас баралтад дүгнэлт хийж, зөвлөмж өгөх, бэлгийн боловсрол болон НҮЭМ, БЗДХ-ын талаар мэдээлэл зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд шинжилгээ (үнэ төлбөргүй, нэр хаяггүй) авах, өсвөр үе, залуучуудад эрүүл мэндийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг үе шаттай зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг голлон явуулдаг.

Тус эрүүл мэндийн төвөөс 2021 онд охидын төрөлтийн тоон үзүүлэлтийг 2010-2020 оны хооронд 10 жилийн байдлаар гаргажээ. Охидын төрөлт 2010 онд 98 буюу нийт төрөлтийн 5 хувийг эзэлж байжээ. Харин 2013-2016 он хүртэл 4 жилийн хугацаанд эрчимтэй өсч, 133 төрөлт буюу нийт төрөлтийн 6.8 хувьд хүрсэн. 2017 оноос хойш буурсаар, 2020 онд 75 төрөлт, нийт төрөлтийн 4.6 хувийг эзэлсэн байна. Харин 2021 оны 11 сарын байдлаар 3.4 хувь болж буурсан сайн үзүүлэлт гарчээ. Үүнийг "Ирээдүйн босго" өсвөр үеийн эрүүл мэндийн төвийн эмч тайлбарлахдаа Архангай аймагт байдаг бүх их, дээд сургууль, ЕБС-ийн сурагчдад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох олон удаагийн давтамжтай сургалт, нөлөөллийн ажлууд нөлөөлсөн гэж байв.

Архангай аймаг нийт 95867 хүн амтай. Үүнээс 19 хүртэлх насны хүүхэд 37383, 10-19 насны хүүхэд 16258 байна. 

Холбоотой мэдээ