Юанийн олон улсын төлбөр тооцоонд эзлэх хувь өссөн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-22 12:48:48

БЭЭЖИН: /Zaobao/. БНХАУ-ын албан ёсны мөнгөн тэмдэгт болох юань олон улсын төлбөрийн системд хэрэглэгдэж буй хэмжээгээрээ зургаан жилийн дараа ахин дөрөвдүгээр байрт орж ирсэн хэмээн Олон улсын банк хоорондын санхүүгийн харилцаа холбооны нийгэмлэгээс /SWIFT/ танилцуулсан тайланд дурджээ.


"Reuters" агентлагийн мэдээлснээр, 2021 оны 11 дүгээр сард юанийн олон улсын төлбөр тооцоонд эзлэх хувь 2.14 байсан бол 12 дугаар сард 2.7 хувь болон өссөн байна. Энэ нь 2015 оны 9 дүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.


Мөн өнгөрсөн оны 12 дугаар сард юанийн төлбөрийн хэмжээ 11 дүгээр сараас 34.6 хувиар өссөн бол дэлхийн төлбөрийн нийт хэмжээ ердөө 6.44 хувиар өссөн аж.


Олон улсын төлбөрийн системд хэрэглэгдэж буй голлох валютуудын тухайд ам.доллар 40.51 хувь, евро 36.65 хувь, фунт 5.89 хувийг тус тус эзлэн эхний гурван байранд оржээ.


Харин Японы иен 2.56 хувь /5-д/, Канад доллар 1.64 хувь /6-д/, Австрали доллар 1.27 хувь /7-д/, Хонконг доллар 1.17 хувийг /8-д/ тус тус эзлэн дээрх байдлаар жагссан талаарх мэдээллийг тус тайланд дурдсан байна. 

Холбоотой мэдээ