Цагаанчулуут сумын хамтарсан баг аяныг тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-12-16 19:53:32

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт хүүхэд хамгааллын хамтарсан багуудын дунд зарласан “Хариуцлагатай хамтарсан баг” аяны дүн гарч шилдэг багууд тодроод байна.

Хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжин үйлчилгээний чадавхыг бэхжүүлж, гишүүдийн ур чадварыг сайжруулах. Урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж эрт шатанд илрүүлэх. Хариу үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор нэг сарын аяныг зарлаж амжилттай дуусаж байна. Аяны хугацаанд хүүхэд хамгааллын хамтарсан 30 баг оролцож гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх 59 удаагийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулжээ. Хамтарсан багуудын дээрх нөлөөллийн үйл ажиллагаанд нийт 4242 хүнийг хамруулжээ. Мөн аяны хүрээнд 15 кейсийг шийдвэрлэсэн. Харин үргэлжлүүлэн 30 кейс дээр яг одоо ажиллаж байна.

Хариуцлагатай хамтарсан баг аянд амжилттай оролцож бусдын сайн сайхны төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж, мэргэжлийн үйлчилгээг үр дүнтэй үзүүлж бусдыгаа манлайлан оролцсон сумдыг шагнаж урамшууллаа. Аяны тэргүүн байрыг Цагаанчулуут сум, хоёр, гуравдугаар байрыг Улиастай сумын Товцог баг, Түдэвтэй сумын хамтарсан баг эзэлжээ. Харин дөрөв, тавдугаар байрыг Эрдэнэхайрхан сум, Тосонцэнгэл сумын хамтарсан багууд эзэлж мөнгөн шагналаар шагнууллаа. Аянд амжилттай оролцсон багуудад 3.5 сая төгрөгийн шагналын сан бүхий хэрэгцээтэй тоног, төхөөрөмжийг гардуулан өгсөн гэж аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэв.

Ташрамд хамтарсан баг гэдэг нь гэр бүлийн хүчирхийлэл болон аливаа хэлбэрийн хүчирхийллийг үл тэвчих, урьдчилан сэргийлэх, нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх. Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээг цогцоор нь үзүүлэх. Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох. Хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх зорилготой мэргэжилтнүүдийн баг юм. Завхан аймгийн хэмжээнд 30 гаруй хамтарсан баг ажиллаж байна.  

Холбоотой мэдээ