Ж.Бадамхатан: Миний хамгийн том өрсөлдөгч бол би өөрөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2021-12-22 11:13:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Miss Asia USA” буюу Америк дахь Азийн мисс шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 20-нд болж шилдгүүдээ тодруулсан. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн жүжигчин П.Шүүдэрцэцэг болон АНУ-д ажиллаж амьдардаг жүжигчин Ж.Бадамхатан, 16 настай М.Маргад нар оролцсон юм. Азийн Миссээр жүжигчин П.Шүүдэрцэцэг шалгарсан бол амжилттай оролцсон Ж.Бадамхатантай ярилцлаа.


АНУ-д таван жил амьдарч буй тэрбээр үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр ажилладаг бөгөөд  сэтгэл зүйн чиглэлээр суралцжээ.


-Юуны өмнө “Miss Asia USA” тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Өмнө нь энэ тэмцээнд монголчуудаас оролцож байсан болов уу, тэмцээний талаар мэдээлэл өгөөч?

-Өмнө нь Монголоос нэлээд хэдэн бүсгүй оролцож байсан юм билээ. “Virgilia” продакшнаас зохион байгуулдаг энэхүү тэмцээнд Ази, Европ бүсгүйчүүд тус тусдаа өрсөлддөг. Энэ жил 33 дахь жилдээ зохион байгуулсан тэмцээнд Азийн 48 орны мисс авьяас чадвараараа өрсөлдсөнөөс миссийн ангилалд Монголоос жүжигчин П.Шүүдэрцэцэг бид хоёр оролцсон. Харин өсвөр насны ангилалд 16 настай М.Маргад охин оролцсон. “Virgilia” продакшн Америктаа нэгдүгээрт ордог, том том тэмцээн зохион байгуулдаг. Дэлхий нийтийг хамраад буй коронавируст халдвараас шалтгаалан сүүлийн хоёр жилд энэ тэмцээнийг зохион байгуулаагүй.


-АНУ-д амьдарч, суралцаж байгаа ази бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа өрсөлддөг уг тэмцээнд оролцох эрхийг хэрхэн авав?

-Энэ тэмцээнд оролцохын тулд тодорхой хэмжээний төлбөр төлж, тухайн шалгуурт нь тэнцэх, сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй, өгсөн даалгавруудыг хийх шаардлагатай хүн оролцдог. Миний хувьд манай аав, ээж болон найз нөхөд, мөн миний хамгийн сайн найз, хүндэлж явдаг дэлхийн Монгол дизайнер н.Энхцэцэг эгч дэмжиж үдэшлэгийн хоёр хувцсаар спонсорлосон. Энэ нь тэмцээнд оролцох их хүчийг өгсөн.


-Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлж оролцох эрхийг өвөртлөхдөө өөртөө ямар зорилго тавьж байв?

-Миний хувьд сэтгэл зүйгээр сурч хүмүүст бясалгал, иога заадгийн хэрээр нас, иргэншил, арьс өнгө, статусаас үл шалтгаалан та үнэхээр үнэ цэнтэй хүн юмаа гэдгийг залуучууддаа уриалж харуулахыг зорьсон. “Би чадаж байгаа бол та ч бас чадна” гэсэн мессежийг өгөхийг хүссэн. Заавал төгс байж эсвэл баян айлын охин, баян орны иргэн байж энэ тэмцээнд ордоггүй гэдгийг харуулахыг хүссэн юм. Өнөөдөр би бусад цагаачдын адил хөдөлмөрлөж, тэр тусмаа хүний нутагт ганцаараа байна гэдэг амаргүй ч өөрийгөө өөр түвшинд харахыг хүссэн. Миний бага насны минь мөрөөдөл биелэх шиг болсон.


-“Miss Asia USA” тэмцээний гол шалгаруулалт нь юу байв?

-Олон янзын шалгаврууд байдаг. Хүн бүр өөрийнхөөрөө гоё сайхан байх, биеэ авч яваа байдал, хүнд хүргэх мессеж, санхүүгийн хувьд хэр их спонсор олж шаардлагуудыг хангаж байгаагаар нь шалгаруулдаг юм байна билээ. Миний хувьд бор зүрхээрээ орсон гэж болно. Би бусдын боддог  зүйлийг эвдэхийг хүссэн юм. Яагаад заавал төгс байж эсвэл баян айлын ч юмуу хүүхэд байж орох ёстой юм, нэг л амьдрахдаа үзээд алдана гээд залуус, дүү нартаа урам зориг өгөхөөр шийдсэн. Хугацаа, мөнгө, энерги, спонсор хайх, өмсөх хувцсаа бэлдэх гээд бэлтгэлдээ бас явна, билетээ өөрөө зарна, олон юм зэрэг хийж хажуугаар нь ажлаа хийнэ, их л хүнд үеийг давсан даа. Бэлтгэлийн явцад шантрах үе байсан ч эцсээ хүртэл тууштай байж Монгол Улсын нүүр царай болсондоо би өөрөөрөө бахархаж байгаа. Монгол Улс гэхэд тэр бүр сайн мэддэггүй учраас үндэснийхээ хувцас хунар, хоол хүнс, соёл иргэншил, түүхийг шингээж Монголынхоо нэрийг Холливуудын түвшинд гаргахыг хичээсэн. Тэмцээнийг ойролцоогоор 1200 орчим үзэгч болон бусад медианы хүмүүс үзэж сонирхсон. Ирээдүйд Монголын урлаг соёлынхон, жүжигчдэд боломжийг нээж, олон залууст итгэл төрүүлнэ гэдэгт найдаж байна.


-Манай миссүүд бусад улс орны миссээс ялгарах, онцлог давуу тал нь юу байсан бол?

-Манай миссүүд бүгд амжилттай оролцсон. Жүжигчин П.Шүүдэрцэцэг титмийн эзэн болж, урлагийн сургуульд суралцах 100 хувийн тэтгэлгээр шагнуулсан. Монгол хүн гэхээр уудам тал нутагт өссөн, уужим ухаантай, олон талын оюун мэдлэгтэй, өөрийн гэсэн үнэр үнэртдэг. Тиймээс тэр бүхнийг шингээж тайзнаа гарсан.


-Эх орноо төлөөлж олон орны миссүүдтэй нэг тайзан дээр алхаж, ур чадвараараа өрсөлдөхөд ямар мэдрэмж төрсөн бэ. Хамгийн гол өрсөлдөгч чинь хэн байв?

-Миний хамгийн том өрсөлдөгч бол би өөрөө. Би өөрөө өөртөө хамгийн том дайсан, бас хамгийн сайн найз нь, харин сонголт нь бол минийх. Тэгэхээр би өөрийгөө ялж, Миссийн тэмцээний тавцан дээр гарсан.


-Тэмцээнд ямар урлагийн номер бэлдэж үзүүлэв, бусад орны миссүүдийн хамгийн сонирхолтой үзүүлбэрээс сонирхуулбал?

-Миний хувьд урлагийн номер үзүүлээгүй ч Лос Анжелест явагддаг Авьяас шоунд оролцож Шакирагийн бүжгийг бүжиглэж нэгдүгээр байр эзэлж, Моделийн цом хүртсэн. Таван наснаасаа эхэлж Хүүхдийн ордонд балетаар хичээллэж, тайзан дээр жүжиглэхийг оролдож байсан. Гэвч намайг бөөрөнхий хэлтэй гээд аваагүй ч өөрийнхөө хэлийг зүгшрүүлж ганц Р үсэг хэлдэг биш  багаасаа уран уншиж, шүлэг бичиж, Уран жиргээ”, “Хүрэл тулга наадамд өөрийн "Мандухай" шүлэг болон "Ижий минь" өгүүллэгээрээ тус тус нэгдүгээр байр эзэлж байлаа. Багаасаа л урлаг, спортод хайртай хүүхэд байсан. Урлагийн үзлэг болохоор багш нар Бадамхатаны тайлан тоглолтыг үзлээ гэдэг байж билээ.


-Тэмцээний үеийн дурсамжтай, сэтгэлд хоногшсон мөчүүдээсээ хуваалцаач?

-Тайзан дээр Монгол үндэснийхээ хувцсыг өмсөөд гарах үед өөрийн эрхгүй омогшиж Мандухай хувцсаа өмсөөд шүлгээ уншиж байсан хүүхэд насны дүр зураг эргээд ирэх мэт болсон. Монгол Улсдаа, монгол хүн болж төрсөндөө хамгийн их талархах сэтгэгдэл төрсөн. Цаанаа л агуу эрч хүч энергийг мэдэрсэн.


-Цаашид хийхээр төлөвлөж байгаа ажил, оролцохоор хүлээж байгаа тэмцээн, уралдаан бий юу?

аашид голчлон Холливуудад жүжигчнээр кинонд тоглоно, өөрийгөө тайзны хүн гэдгээ таван наснаасаа мэддэг байсан боловч амьдралын нугачаанаас болоод мөрөөдлөөсөө холуур их олон жил амьдарсан. Харин одоо хүссэн мөрөөдсөнөө биелүүлэн амьдарч байна.


-Монголдоо хэзээ бүрмөсөн ирэх вэ?

-Монгол, Америкийн хооронд ирж яван ихийг хийх бодолтой. Мөн өөрийнхөө амьдралын талаар ном бичиж байгаа. Залуус дүү нартаа эрч хүч, энерги бэлэглэсэн амьдралынхаа бэрхшээлийг боломж болгосон гайхалтай номоо ард түмэндээ өргөн барина. Нэг хүн өөрчлөгдөхөд цаана нь байгаа ойролцоогоор 10 мянган хүнд нөлөөлдөг гэж сонсож байсан. Тиймээс олон хүнд нөлөөлөхийг хичээж байна. 


Холбоотой мэдээ