Евгения Медведева: Монголын үзэгчид биднийг маш сайхан халуун дотно хүлээж авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоуны алдартнууд “Степп Арена” цогцолборт энэ сарын 24, 25-нд шилдгийн шилдэг үзүүлбэрээ үзэгчдэд толилууллаа.
Гурав дахь удаагийн тус шоунд Олимпын хошой мөнгө, дэлхийн хошой аварга, Европын хошой аварга Евгения Медведева, Олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Европын гурван удаагийн аварга Алексей Ягудин, дэлхийн аварга, Европын аварга, Бүх Оросын аварга Елизавета Туктамышева, Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, европын аварга Виктория Синицина, Никита Кацалапов, Олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Александр Энберт нарын тив, дэлхийд алдартнууд багтсан юм.
Олимпын хошой мөнгөн медальт, дэлхийн болон Европын хошой аварга Евгения Медведева сэтгэгдлийг хуваалцъя.
-Монголын ард түмэнд шилдэг үзүүлбэрээ толилууллаа. Үзэгчид та бүхний тоглолтыг хэрхэн хүлээн авав?
-Бид олон төрлийн үзүүлбэр бэлтгэж үзэгчдэд хүргэсэндээ баяртай байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Монголын үзэгчид бидний тоглолтыг халуун, дулаан уур амьсгалаар хүлээж авлаа. Сэтгэл зүрхээ зориулж үзүүлбэрээ бэлдэж ирсэн.
- Монгол орон, монголчуудын тухай сэтгэгдлээ хуваалцана уу?
-Тоглолтын бэлтгэл ажил гээд завгүй байсан хэдий ч Улаанбаатар хоттой танилцах завшаан тохиолоо. Мөн гайхамшигтай түүх соёл, шинэ хүмүүстэй танилцсанаас гадна үндэсний хоолыг нь идэж үзлээ. Эелдэг найрсаг монголд оронд дахин ирэхдээ таатай байх болно.
-Багийнхантайгаа олон орноор аялан тоглож байсан байх. Энэ удаагийн тоглолт юугаараа онцлог гэж та хэлэх вэ?
-Өмнө нь манай багийн залуус шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж олон улсын тэмцээнд оролцож, олон медаль хүртэж байсан. Харин энэ баг одоогийн бүрэлдэхүүнээрээ анх удаа гадаадад тоглож байна. Энэ бол манай хамт олны гадаадад хийж буй анхны нээлтийн тоглолт гэж хэлж болно.
-Монголд уран гулгалтын спорт сонирхогч, хүүхэд
залууст зориулсан сургалт, мастер анги зохион байгуулах төлөвлөгөө бий юу?
-Энэ удаагийн хуваарь маань бэлтгэл сургуулилалт, гурван тоглолтоор хязгаарлагдаж байна. Магадгүй дараагийн удаад илүү нарийн төлөвлөж мастер ангиудыг зохион байгуулах боломжтой болно. Бүх зүйл хуваарь, зохион байгуулалтаас шалтгаална.
Мөн Олимпын хүрэл медальт, дэлхийн болон Европын аварга Виктория Синицина мөн сэтгэгдлээ хуваалцсан юм.
-Та Монголд анх удаа ирж байна уу?
-Үгүй ээ, би хоёр дахь удаагаа ирж байна.
-Анх ирэхэд ямар сэтгэгдэл төрж байв?
-Надад үнэхээр таалагдсан, ер бусын, бас үзэсгэлэнтэй, сонирхолтой. Бид маш их аялж байсан. Монгол орон үнэхээр үзэсгэлэнтэй.
-Монголын ард түмний тухай ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Маш сайхан хүмүүс. Бидний цэнхэр нүд, шаргал үс олон хүний сонирхлыг татсан болов уу. Тиймээс тэд бидэнд маш онцгой анхаарал хандуулж байсан.
-Та манай үндэсний хоолыг амтлав уу?
- Монгол хоолонд дуртай, маш амттай. Монголд ирэх болгондоо шинэ зүйлийг туршиж үзэхийг боддог.
-Монголоос таних уран гулгагч бий юу?
-Тийм ээ, Монголд хамгийн сүүлд шоунд оролцохдоо нэг охиныг мэддэг болсон. Харамсалтай нь би түүний нэрийг хэлж чадахгүй байгаа ч, би түүнийг уран гулгалтаар сайн хичээллэж байгаа гэдгийг баттай мэдэж байна.
-Түүний ур чадварыг хэрхэн үнэлэх вэ?
-Тэр маш сайн гулгадаг байсан ч илүү их бэлтгэл хийж, уран гулгалтын ур чадвараа улам сайжруулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.