Зүймэл урлалын бүтээлүүдээр тусгай үзэсгэлэн нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Зүймэл даавуун урлалын төв байгуулагдсаныхаа 21 жилийн ойн хүрээнд “Эв эе-өнө мөнхийг урлав” тусгай үзэсгэлэнг “Норфей” арт галерейд энэ сарын 5-7-нд зохион байгуулна.
Энэхүү үзэсгэлэнд дэлхийд цор ганц, хамгийн том “Өлзий хээ” тэргүүтэй зүймэл урлалын 150 гаруй бүтээлийг дэлгэх аж. “Өлзий хээ” бүтээлийг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг болон дэлхийн 20 орны гар урлаачид урлажээ. Энэ бүтээлийг өнөөдрийг хүртэл дахин давтагдашгүй, хамгийн том хэмжээтэй өлзий хээт зүймэл урлалын бүтээлд тооцогдож, Геннисийн номд бүртгүүлэхээр бэлтгэж байгаа юм.
Зүймэл даавуун бүтээлийн онцлог нь өөдсийг зүйж урладаг тул урлаачдын чин сэтгэл, уйгагүй хөдөлмөр шингэсэн байдаг. Тус үзэсгэлэн зөвхөн урлал төдийгүй эмэгтэйчүүдийн эв нэгдэл, хүч хөдөлмөр, монгол уламжлал, үндэсний бахархлыг нэгэн дор багтаасан өв соёлын томоохон үйл ажиллагаа болно гэдгийг зохион байгуулагчид онцлов.
Манай улсад 2004 онд “Шинэ Замнал” ТББ
“Зүймэл даавуун урлалын төв”-ийг нээснээр зүймэл даавуун урлалыг нэвтрүүлж
байжээ.




Улаанбаатар