Зудын гамшгийн эрсдлийг бууруулахад 800.000 ам.долларын тусламж үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2016-07-05 14:38:48

Монгол Улсад 2015-2016 онд нүүрлэсэн зудын хор уршгийг тогтоох болон гамшгийн нөхцөлд бэлэн байдлыг хангахад зориулж АНУ-аас 800,000 ам. долларын тусламж үзүүлэхээр боллоо. 

Урд өмнө үзүүлсэн 150,000 ам. долларын тусламжийн адил энэхүү нэмэлт тусламжийг зудад нэрвэгдсэн хүмүүст нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийн барааны тээвэрлэлтийг санхүүжүүлэх болон аймаг сумын удирдлагуудад зориулсан гамшигт байдалд хэрхэн  бэлэн байх талаарх сургалтуудыг үргэлжлүүлэн өргөн хүрээнд зохион байгуулахад зарцуулах юм.

АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Гамшигт нэрвэгдсэн Гадаад орнуудад Туслалцаа үзүүлэх Албаар /ОУХА/ГГТА/ дамжуулан 15 аймагт зудын гамшгийн үр нөлөөллийг бууруулах, урт хугацаанд мал аж ахуйн тогтвортой байдлыг дэмжин ажиллах бөгөөд үүнд Мерси Кор байгууллагатай хамтрах юм байна. Уг хөтөлбөрийн хүрээнд  гамшгийн эрсдэл бууруулах сургалт зохион байгуулж, аймаг сумын түвшинд болзошгүй зудын эрсдлийг тооцоолох, хохирлыг бууруулах, мөн үндэсний түвшинд текст-мессэжид суурилсан мэдээлэл солилцох систем нэвтрүүлэх бололцоотой болно. Ингэснээр малчид гар утсан дээрээ цаг агаарын урдьчилсан мэдээг төвөггүй авах боломжтой болж, мэдээлэлд суурилсан шийдвэр , гамшигт бэлтгэх стратеги боловсруулах бололцоотой болох юм.

2011 оноос хойш нийт 2.5 сая орчим ам.долларыг АНУ-ын ОУХА/ГГТА-аар дамжуулан Монголд хэрэгжүүлсэн Гамшгийн эрсдэлийг бууруулах төсөл хөтөлбөрүүдэд зарцуулсан. Үүнээс нэрлэвэл, сургуулиудад суурилуулсан гамшгийн төлөвлөлтөөр сургуулийн удирдлага болон сурагчид гамшгийн байдалд бэлэн байх, мөн орон нутгийн удирдлагад гамшгийн дохиоллын системийн сургалт зохион байгуулах зэргээр гамшгийн байдлын үйл ажиллагааг сайжруулах төслийг хэрэгжүүлсэн юм.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ