Наадмын талбайн шинэ барилгын ажлыг эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-09-06 14:00:25

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт шинээр барих 2000 м2 талбай бүхий наадмын талбайн ажлыг эхлүүлжээ. 1800 хүний суудалтай, 500 авто машины зогсоол бүхий уг наадмын талбай нь спорт цогцолборын зориулалтаар барихаараа онцлог. Шинэ талбайг ирэх оны 7 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна.

Бид шинэ талбайг морь барианы газрын хойд талд байхаар төлөвлөсөн. Ингэснээр наадамчин олон эрийн гурван наадмаа нэг дороос үзэх боломжтой болох юм. Нөгөө талаар энэхүү талбайг зөвхөн үндэсний баяр наадмаар л хоёр, гурав хоног ашигладаг байх бус стандартынх нь дагуу хөнгөн атлетикийн бүхий л зориулалтаар ашиглаж болохуйц байдлаар хийлгэж байгаа. Өндрийн болон уртын харайлт, зээрэнцэг бөөрөнцөг шидэлт, гүйлтийн талбай зэрэг бүгд байх юм. ЕБС-ийн сурагчид болон тамирчид ирж бэлтгэл сургуулилтаа хийхээс гадна бүсийн хэмжээний томоохон уралдаан тэмцээнийг ч энэ талбайд зохион байгуулах боломжтой гэж аймгийн Засаг дарга М.Идэрбат хэллээ. 

Талбайн эргэн тойронд сур харвааны талбай, хоол, худалдаа үйлчилгээний хэсэг, тоглоом наадгайн цэг, ариун цэврийн байгууламжууд байрлах юм. Иж бүрэн цогцолбор бүхий энэхүү талбайн газар тэгшлэх ажлыг одоогоор хийж байна. Барилгын гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын "Лорд Скай" ХХК ажиллаж байна. 

Холбоотой мэдээ