Цагдаагийн морьт эргүүл гарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туул голын дагуу морьт болон завьт эргүүл гарган ажиллаж байна. Голын эрэг дагуу иргэд олноор зугаалах, архидан согтууран гэмт хэрэг, зөрчилд өртөх, гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ-аас “Морьт эргүүл” ажиллуулж эхэллээ. Мөн завьт эргүүл нь Багануур дүүргийн Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн Тэрэлжийн /гарам/ голоос Майхан-Уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Хадан хясаа хүртэл Туул гол дагуу ажиллаж байна.
Нийслэлийн Аврах ангийн "Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагаа"-ны дадлага сургууль нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Туул голд саяхан болов. Энд аврах ангийн болон Гал түймэр унтраах ангийн нийт 120 гаруй алба хаагч хамрагджээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар 6 дугаар сарын 10-наас завьт эргүүл Туул голд гарч байна. Сүүлийн 10 жилд завьт эргүүл гарснаар гол, усанд осолдох эрсдэл 70 гаруй хувиар буурсан байна. Өнгөрсөн жил НОБГ-ын Аврах ангийн аврагч нар 700 гаруй хүний амь насыг аварчээ.