Илтгэлийн уралдааны шилдгүүдийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-09 15:15:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Хонгор нутгийн хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт уралдааныг Баянхонгор аймгийн ЗДТГ газраас зохион байгуулж буй талаар бид мэдээлсэн. Тэгвэл хонгор нутгийн хөгжлийн хэтийн бодлогыг иргэд олон нийтийн оролцоотойгоор тодорхойлох, тэдний шинэ санаа, шинэлэг бүтээлийг шалгаруулж, урамшуулах зорилготой илтгэлийн уралдаанд ирүүлсэн 25 бүтээлээс шилдгүүдийг шалгаруулжээ. 

Ажлын хэсэг ирсэн илтгэл, санаачилгуудыг орон нутагт хэрэгжих боломжтой эсэх, гарц, гаргалгааг хэрхэн илтгэлд шийдвэрлэсэн талаар голлон анхаарч тэргүүн байр эзлэх илтгэл ирүүлээгүй гэж дүгнээд, гуравдугаар байрт гурван илтгэлийг шалгаруулсан байна.

Уралдааны үнэлгээгээр, Б.Амгаланбаяр 196 оноогоор /"Нарны эрчим хүчийг ашиглан моторт худгийн бензин зарцуулалт, гар худгийг хүний хүчээр ажиллахыг халж, богино хэмжээний ус гаргах нь" сэдэвт илтгэл/, С.Баярмагнай 196 оноогоор /”Хөдөө аж ахуйн кластер” сэдэвт илтгэл/, Д.Батдэлгэр 182 оноогоор /"Баянхонгор уу? Эсвэл Баянхонгор хот уу?" сэдэвт илтгэл/ тус тус шалгарчээ. 

Уралдааны хүрээнд илтгэл шалгаруулах ажлын хэсгийн гишүүд бүтээлүүдтэй нэг бүрчлэн танилцан, Шинэлэг санаа дэвшүүлсэн байдал /1-10 оноо/ Хэрэгжих боломжтой эсэх /1-10/ нийт 20 оноо, Судалгааны арга, аргачлалын дагуу бичсэн байдал /1-5 оноо/, Илтгэлийн тавигдах ерөнхий шаардлагыг хангасан эсэх /1-5 оноо/, Илтгэл нь зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх /1-5 оноо/, Бүтээлч сэтгэлгээгээр хандсан байдал /1-5 оноо/ зэрэгт үнэлгээ өгчээ. 


Холбоотой мэдээ