Тэрбумтнуудын нийт хөрөнгө гурван жилийн дотор 10.2 их наяд ам.доллар болж өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-10-07 16:18:35

МОСКВА. /TASS/. Дэлхийн долларын тэрбумтнуудын нийт хөрөнгө 10.2 их наяд ам.долларт хүрчээ. Энэ нь тэдний хөрөнгийн хэмжээ 8.9 их наяд ам.доллартой тэнцэж байсан 2017 оноос хойших шинэ дээд үзүүлэлт юм гэж зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “PwC” компанийн тайланд дурдсан байна. 


Одоогийн байдлаар тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй 2189 хүн байгаа бол 2017 онд 2158 байжээ. 2019 оны эцсээр тэрбумтнуудын нийт хөрөнгө 8 хүрэхгүй их наяд ам.доллар байсан бол 2018 оны эцсээр 8.5 их наяд ам.доллар байсан байна. Сүүлийн арван жилд тэрбумтнуудын хөрөнгө аль ч салбараас үл хамааран өссөн боловч сүүлийн хоёр жилийн хугацаанд бизнесийн загвартаа технологийг тулгуур болгосон хүмүүс бусдаасаа түрүүлсэн бөгөөд цар тахал энэ зөрүүг улам л нэмэгдүүлж байгааг шинжээчид онцолж байна.


Тухайлбал, мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа тэрбумтнуудын нийт хөрөнгө 2018 оноос хойш 42.5 хувиар өсөж, 1.8 их наяд долларт хүрсэн бөгөөд үүнд технологийн компаниудын хувьцааны огцом өсөлт нөлөөлсөн байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын тэрбумтнуудын нийт хөрөнгө 50.3 хувиар нэмэгдэж, 658.6 их наяд ам.доллар болжээ.


Цар тахалтай тэмцэхэд 209 тэрбумтан санхүүгийн хандив туслалцаа, аж үйлдвэрийн бараа, тоног төхөөрөмж болон бусад хэрэгсэлд 7.2 тэрбум ам.доллар зарцуулжээ. Тайланд тэмдэглэж буйгаар, АНУ-ын буяны үйлсийн хөгжингүй соёлын ачаар тус улсын чинээлэг хүмүүс бусад улс орнуудынхтай харьцуулахад илүү их хандив (4.6 их наяд орчим ам.доллар) өгчээ. Хандивын хэмжээгээр (678.8 сая ам.доллар) хоёрдугаарт БНХАУ жагсаж байна.


Холбоотой мэдээ