Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг сануулав

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-06-30 22:02:06

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 30-наас долдугаар сарын тавны хооронд үргэлжилсэн дуу цахилгаантай усархаг бороо Баянхонгор аймгийн нийт нутгаар орох юм байна. Мөн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгааг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Тиймээс нийт иргэдээ үер усны аюулаас сэрэмжтэй байхыг сануулж, сэрэмжлүүлгийг хүргэв.

Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэхийг албаныхан сануулж байна.

Мөн голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөлөө.

Холбоотой мэдээ