Цамын баг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-06-20 19:09:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Музей "Цахим музей" ажиллуулж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Энэ хүрээнд сан хөмрөгийнхөө үнэт үзмэрүүдээ цувралаар хүргэж байгаа бөгөөд энэ удаад цамын багийг танилцуулж байна.

Цамын баг нь догшид бурхад хийгээд уул усны лус савдаг зэргийн төрх байдлыг дүрслэн харуулах хамгийн гол хэрэгсэл юм. Шашны номлолд дөрвөн үйлс гэж алдаршсан Шижайбандагийнлай гэх буюу амирлуулагч, дэлгэрүүлэгч, эрхэнд оруулагч, хатуу ширүүн гэсэн бүтээгч бурхад нь тус тусдаа өнгө байдал, үүрэг чиглэл нь өөр байдаг аж.

Тухайлбал, өвчин саад зэтгэрийг амирлуулагч бурхад нь цагаан өнгөтэй, нас буян эрдэм мэдлэгийг дэлгэрүүлэгч бурхад шар өнгөтэй, ертөнцийн эд баялаг, эр эмийг эрхэнд хураан үйлдэгч бурхад нь улаан өнгөтэй, зөөлнөөр эс дийлдэх дайсан, тэрсүүдийг дарагч бурхад нь хар өнгөтэй байдаг байна. Цамын багийг урлахдаа эдгээр өнгийг болон бурхан бүтээх тиг хэмжээ, тогтсон ёс, журмыг баримтлан бүтээж байжээ.

Догшидын багийн тэргүүнд баатрын дуулга өмсгөн магнайд нь нар, сар дүрслэн, дуулганы хөвөөгөөр нүүрэн талд таван хохимой толгойн дүрс урладаг. Энэ таван хохимойн дүрс нь цаглашгүй таван муу хор уур хилэн, мунхаг харанхуй, шунал тачаал, омог бардам, атаа жөтөө зэргийг номхотгон дарж ялсны бэлгэдэл ажээ.

Харин дөлгөөн дүрт бурхдын багийн тэргүүнийг дөлгөөн царайтай хийж оройд нь 5 тал норвоор чимэг хийсэн байдаг. Багийн чихэнд голдуу ээмэг зүүдэг ба түүнийг алтлаг шармал өнгөтэй хийнэ. 2 чихний араас гоёмсог хатгамалтай бүчин шавдан унжуулдаг. Цамын багийг тусгай мэргэшсэн урчууд хийх ба энэ нь урт удаан хугацааны бэрх, хүнд хэцүү үйл явц юм. Арга нь эхлээд мод юм уу шавраар баримал барьж түүнээсээ хэв авна. Үүний дараа тэр хэвэн дээрээ даавуу ба нимгэн нойтон цаасыг олон давхарлан нааж шуугаад дараа нь зүлгэж өнгөлөх, будаж бэхжүүлэх, засал гоёл чимэглэлийн нарийн ажиллагааг хийнэ. Эцэст нь бэлэн болсон багийг будаад, алтдан ариутган шүншиглэдэг байна.

Төвөдөд цамын багийг цаас болон даавуугаар эсвэл зэсээр урлаж байсан бол бурхны шашинтай Балба, Бутан зэрэг газарт модоор урлаж байжээ. Багийн үс ихэвчлэн хар улаан байх ба үсийг сарлагийн савгаар хийнэ. Амьтны дүрст баг бол тэр амьтныхаа төрх тухайлбал, эвэр, ам, хамар зэргийг дуурайсан байх ба уур амьтныхаа өнгөтэй ижил үслэг эдэн өмсгөлтэй байна.

Холбоотой мэдээ