Зөрчил гаргасан газруудын тусгай зөвшөөрлийг цуцаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-03-13 12:48:37

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан аймгийн Онцгой комиссын шийдвэр, Засаг даргын албан даалгавар, захирамжуудад Цагдаагийн газар болон холбогдох газрууд хяналт тавин ажиллаж байна. Гэвч гаргасан захирамж, шийдвэрийг үл хайхран нууцаар үйл ажиллагаа явуулж байгаа зөрчлүүдийг илрүүлж зохих журмын дагуу хариуцлага тооцохоор болсон аж. 

Тодруулбал Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хот айл”, “Ариун далай” дэн буудлуудын тохирлын гэрчилгээг хүчингүй болгож дахин олгохгүй байхыг аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтэст үүрэг болгосон байна.

Цагдаагийн байгууллагын шалгалтаар Дархан сумын 16 дугаар баг Баян идэр худалдааны төвд байрлах “Good luck” нэртэй цахим тоглоомын газар удаа дараа аймгийн Засаг даргын захирамж зөрчиж үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоож тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох байгууллагад хүргүүлcэн. Захирамж зөрчсөн тус цахим тоглоомын газрын тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл олгох комиссын шийдвэрээр цуцалжээ.

Өндөржүүлсэн байдал зарласан үед нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангуулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, зөрчил гаргасан дэн буудлуудын үйл ажиллагааг бүрэн зогсоохыг Дархан сумын Засаг дарга болон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын дарга нарт аймгийн Онцгой комиссын 10 дугаар хуралдаанаар үүрэг болголоо.

Холбоотой мэдээ