Өргөн хэрэглээний барааны үнийг хэт хөөргөхгүй байх тал дээр зөвлөмж хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-03-12 22:33:31

Өмнөговь /МОНЦАМЭ/ Зарим бараа бүтээгдэхүүний үнийг Улаанбаатар хотод нэмсэнтэй холбоотойгоор Өмнөговьд мөн үнээ нэмжээ.

Монгол улсад коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдэж хот, орон нутгийн хэмжээнд зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах шийдвэр гарган ажиллаж буй. Энэ үед "Хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ"-ийг хэт хөөргөхгүй, хүнсний хомсдол үүсгэхгүй байх чиглэлээр аймгийн Засаг даргын захирамжаар "Ажлын хэсэг" байгуулан ажиллаж байна. 

Тус ажлын хэсэг өнөөдөр Даланзадгад хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй хүнсний гэрээт борлуулалтын цэг, бөөний төв, супермаркетуудаар явж "Зөвлөмж"-ийг танилцуулж, харилцан санал солилцлоо. Орон нутгийн хүнсний үйлчилгээ эрхлэгчдээс үл хамааран зарим нэг бүтээгдэхүүний үнэ Улаанбаатар хотод нэмсэнтэй холбоотой үнээ өсгөжээ. Тухайн уулзалтуудын үеэр хөл хорио тогтоосон энэ үед үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэн төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг нягт уялдуулан хамтарч ажиллахыг санал болголоо.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний татан авалт нэвтрэх постуудаар хэвийн явж байгаа юм. Аймгийн хэмжээнд худалдаанд байгаа гол нэрийн бараа өнөөдрийн байдлаар гурил 120 тонн, мах 77 тонн, төрөл бүрийн будаа 33,9 тонн, давс 12,1 тонн, элсэн чихэр 7,3 тонн, төмс хүнсний ногоо 30 тонн, гоймон 3 тоннын нөөцтэй байна. Иймээс ард иргэд хүнсээ ихээр нөөцлөх шаардлагагүй гэдгийг ажлын хэсгийнхэн мэдээлж байна.

Холбоотой мэдээ