Я.Амаржаргал: Хандивын 50 хувийг зарцуулаад байна

Монголын мэдээ | Тодруулга
bolor@montsame.mn
2020-03-09 20:13:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Манай улсад халдвар гарах юм бол хүнд нөхцөл байдал үүснэ. Энэ үед ямар хэмжээний нөөц, төсөв санхүүтэй байх вэ гэдэг тооцоо судалгааг хийж байна" хэмээн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдэгдлээ. Түүнээс COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд салбарын яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулсан юм.


-Эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд ЭМЯ бэлэн байдлыг хэрхэн хангасан гэж үзэж болох вэ?


-Монгол Улсын Засгийн газраас “COVID-19” халдвар өмнөд хөршид тархаж эхэлсэн цагаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зарласан. Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахад дэмжлэг туслалцаа олгож Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 4.2 тэрбум төгрөгийг шийдсэн. Эрүүл мэндийн ажилтны нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, хувцас, халад, малгай, улавч, оношлуур, эм, эмнэлгийн хэрэгслийн төсвийг баталсан.

Коронавирусний халдварын хүндрэлээр өвчтөн амьсгалын дутагдалд ордог. Тиймээс Монгол Улсын хэмжээнд 169 ширхэг амьсгалын аппарат шаардлагатай. Шаардлага гарсан тохиолдолд зөвхөн вирусний эсрэг эмчилгээ төдийгүй, дархлаа дэмжих, антибиотек гэхчлэн олон төрлийн эм хэрэг болно. Эрүүл мэндийн сайдын тушаалаар шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, аппарат тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслийг  эмнэлгүүдэд хүргэж байгаа.

Дэлхийн 100 гаруй оронд халдвар гарч ДЭМБ-аас "Цар тахлын түвшинд хүрлээ. Нэг ч улс орон энэ халдварыг дайрахгүй өнгөрөх боломжгүй" гэж мэдэгдсэн. Хэрвээ манай улсад халдвар гарах юм бол хүнд нөхцөл байдал үүснэ. Энэ үед ямар хэмжээний нөөц, төсөв санхүүтэй байх вэ гэдэг тооцоо судалгааг хийж байна.


-ЭМЯ-нд иргэд, аж ахуйн нэгжүүд мөн хандив өгч байна. Ер нь хэчнээн төгрөгийн хандив цуглаад байна вэ?


 -Ард түмэн 2 дугаар сарын 20-ноос эхлэн 270 сая төгрөгийн хандив өргөөд байна. Мөн малгай, амны хаалтнаас гадна өөрсдийн сэтгэлийн хандив өргөж байна. Тухайлбал, цай, кофендоо хийж уувал дархлаа сайжирна хэмээн өчигдөр хоёр хөгшин ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөнд жижиглэсэн шар тос хандивласан.

Энэ мэтийн бүх хандивыг эрүүл мэндийн байгууллагууддаа хуваарилж хүргүүлж байна. Мөн тодорхой хэмжээний мөнгөн хандивыг эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх, илүү цагийн хөлс өгөх, дархлаа дэмжих бүтээгдэхүүн авах зэрэгт зориулна. Хамгийн гол нь эрүүл мэндийн ажилтнуудад хамгаалах хэрэгсэл авах нь маш чухал байгаа.


-Хандивыг хэрхэн зарцуулж буй талаар илүү тодорхой мэдээлэл өгөх боломжтой юу?


-Ер нь хандивын 50 хувийг зарцуулаад байна. Өнөөдөр N95 амны хаалт дэлхий дахинд олдохоо байлаа. Түүнийг АНУ-д ажиллаж амьдардаг, МУГЖ, балетчин Г.Алтанхуягаар дамжуулан 45 мянган ширхгийг авах гэж байна. Үүнд тэрбум төгрөг зарцуулж байгаа. Өвчин гарсан тохиолдолд хэрэглэх зардлын тооцоо судалгаа хийсэн. Тодорхой хувийг цааш нь нөөцөлнө. Энэ тооцоо судалгааг олон нийтэд тайлагнана. Эрүүл мэндийн сайдын тушаалаар хандивыг зарцуулж буй учраас хаана, хэн, юу юунд зарцуулсан бүх тооцоо тодорхой байх юм.


-Цэргийн төв эмнэлгийн ажилтнууд амны хаалт зэрэг хамгаалалтын хэрэгслийг өөрсдөө худалдан авч байгаа тухай мэдээлэл цахим орчинд гарч байна. ЭМЯ-нд ирж буй хандив туслалцааг тус эмнэлэгт хүргүүлж байгаа юу?

 

-Цэргийн төв эмнэлэг Батлан хамгаалах яамны харьяа эмнэлэг. Хүн амд эмнэлгийн тусламж үзүүлдэг боловч, нэгдүгээрт харьяалал нь өөр. Тухайн эмнэлэг өөрийн гэсэн төсөвтэй. Салбарын сайдынх нь багцад төсөв мөнгө нь төсөвлөгдсөн байгаа. Түүнээсээ тусламж үйлчилгээ үзүүлээд явах боломжтой. Хоёрдугаарт, тухайн эмнэлэгт өнөөдөр өвчтэй хүн очоогүй, сэжигтэй тохиолдлыг тусгаарлах үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилсан амны хаалт, эмнэлгийн хэрэгслийг хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд ч хуваарилж байна. Бид өөр яам гээд ялгасан юм байхгүй. 


-Тусгаарлалтад байгаа нэг иргэнд хэчнээн төгрөгийн үйлчилгээ үзүүлж байгаа тооцоо судалгаа гарсан уу?


-Түүнийг хэлэхэд одоогоор бэлэн биш. Өвчтөн байхгүй байгаа учраас яг төдөн төгрөг зарцуулсан гэж хэлж чадахгүй. БНСУ бол “COVID-19” халдвартай нэг өвчтөндөө 10 сая вонн зарцуулж байна гэсэн. Харин эмнэлэг бүр тусгаарлалтад авсан иргэдэд үзүүлж буй үйлчилгээний тооцоог хийж байгаа. Тухайлбал, хэчнээн төгрөгийн хоол унд, ариутгал болон халдваргүйжүүлэх бодис хэрэглэж байгаа тухай тооцоог гаргаж байна. Тухайн байгууллага бүрт ус, тог цахилгаан гээд урсгал зардал мөн гарна.


Б.Содгэрэл

 

Холбоотой мэдээ