Харанхуйгаас эрчим хүч гаргах төхөөрөмж бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-08 16:35:26
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН./Sciencenews/. АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэд шөнийн харанхуйгаас эрчим хүч гаргах төхөөрөмж бүтээжээ.


Дэлхий болон сансар огторгуйн температурын зөрүүг ашиглан жижиг хэмжээтэй LED гэрлийг асаах хүчин чадалтай эрчим хүчийг шөнийн цагаар үйлдвэрлэх төхөөрөмж бүтээжээ. Эрдэмтдийн мэдээлснээр, энэхүү үүсгүүрийн том загварыг бүтээснээр шөнийн цагаар цахилгаангүй, эрчим хүчний хомстолтой эсвэл алслагдсан газарт нарны зайн хавтан ажиллахгүй үед өрөөний гэрэл, гар утас зэрэг бусад цахилгаан хэрэгслийг эрчим хүчээр хангах боломжтой аж.


Шөнийн гэрлийн цөм нь Термоэлектрик үүсгүүр бөгөөд үүсгүүрийн нэг тал нөгөө талаасаа илүү сэрүүн байх үед эрчим хүч үүсдэг байна. Тэнгэр рүү харуулсан үүсгүүрийн доод талд дулааныг алдахгүйн тулд тусгаарлагчаар бүрхэж, гялгар халсаар ороосон хөнгөн цагаан хавтанг байрлуулжээ. Хэт улаан туяаны цацрагийг өөртөө шингээн дулааныг урсгах замаар хавтанг орчны агаараас илүү сэрүүн байлгадаг. Энэхүү цацраг нь гадаад сансрын хүйтнийг агаар мандалд шингээж, гялгар бүрхэвчид дамжуулдаг байна.


АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэд 20 сантиметрийн хэмжээтэй уг төхөөрөмжийн туршилтыг өнгөрсөн сард явуулжээ. Үүсгүүр хавтгай дөрвөлжин метр тутамд 25 миллваттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн нь жижиг хэмжээтэй LED гэрэлд хангалтай хүрэлцэх юм. Эрдэмтдийн тооцоолсноор, дээд хавтангийн дулаалгыг сайжруулснаар хавтгай дөрвөлжин метр тутамд 0.5 ватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой аж.


“Энэ бол гайхалтай санаа. Энэхүү эрчим хүч нарны зайн хавтангаар үйлдвэрлэдэг эрчим хүчнээс хэд дахин хямд бөгөөд хавтгай дөрвөлжин метр тутамд хамгийн багадаа 100 ваттын эрчим хүч үйлдвэрлэх боломжтой үүсгүүр юм. Гэхдээ уг шөнийн үүсгүүрийг яаралтай нөөц эрчим хүч эсвэл цахилгаан эрчим хүчний шугамд холбогдоогүй алслагдмал газар, орны хүмүүс ашиглахад илүү тохиромжтой” гэж Колумбын их сургуулийн эрдэмтэн Юан Ян хэллээ.


Харин Стэнфордын их сургуулийн эрдэмтэн Шанхуи Фэнгийн хэлснээр, ердийн гар чийдэн хэдхэн ваттын эрчим хүч зарцуулдаг байна. Дээврийн багахан талбайг эзлэх уг төхөөрөмж шөнийн тэнгэрээс авсан энергиэр бүтэн өрөөг ч гэрэлтүүлэх боломжтой аж. “Алслагдсан цаг уурын станцууд эсвэл бусад хүрээлэн буй орчны мэдрэгчийг эрчим хүчээр хангахад уг төхөөрөмж тус болохоос гадна нарны тусгал маш бага хойд туйлд чухал ач холбогдолтой” гэж төслийн инженер Аасват Раманы онцлон хэлэв.

Холбоотой мэдээ