Японы эрдэмтэд үүдэл эсээс арьс ургуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНМОСКВА. /RIA Novosti/. Японы “RIKEN” хүрээлэнгийн биологичид үүдэл эсээс бүрэн хэмжээний арьсны эд эс ургуулж, түүнийгээ хулганы биед амжилттай шилжүүлэн суулгасан тухай “Science Advances” сэтгүүлд гарсан нийтлэлд дурджээ.
“Ийм эд эсний дээж нь үсний уутанцар, эсвэл гадаад шүүрлийн булчирхай зэрэг шаардлагатай бүрдэл хэсгүүдийг агуулдаггүй байсан нь өнөөг хүртэл хиймэл арьс бүтээхэд гол саад тотгор болж байсан. Ийм чухал бүрдэл хэсэггүйгээр арьс нь биеийн дулааныг зохицуулах зэрэг бусад үүргийг гүйцэтгэж чаддаггүй. Бидний ургуулсан арьс нь уг бүрдэл хэсгүүдийг агуулсан бөгөөд түүгээр барахгүй амьтан дээр туршихын оронд лабораторын туршилтад ашиглах боломжтой” гэж Японы Кобе хотын “RIKEN” хүрээлэнгийн эрдэмтэн Такаши Цужи ярьж байна.
Цужи болон түүний хамтран зүтгэгчид үүдэл эсийг дахин программчлах замаар ийм амжилтад хүрчээ.
Бүрэн хэмжээний хиймэл арьс бүтээснээр хүндээр түлэгдсэн болон арьсны хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүсийг аврахын тулд арьс шилжүүлэн суулгах боломжийг нээхээс гадна амьтан дээр хийдэг лабораторын туршилтаас татгалзаж болно гэдгийг эрдэмтэд онцолж байна.
Д.Жаргал