Монгол, Киргизийн Засгийн газрын комиссын III хуралдаан болов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-10-31 11:59:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо энэ сарын 29-31-нд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газрын комиссын ээлжит III хуралдаан болов.


Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, киргизийн талаас тус улсын Зам, тээврийн сайд Ж.С.Бейшенов нар ахаллаа. Уг хуралдааныг хоёр жил тутам хийж байхаар тохирсон ч 5 жил завсардаад байсан юм. Энэ удаагийн хуралдаанаар худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес, санхүү, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрүүл мэнд, соёл, боловсролын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцож, ойрын жилүүдэд эдгээр салбарт хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй санал солилцож, протокол байгуулав.


Монгол Улс болон Евразийн Эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ач холбогдлыг судлах хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэх Монголын санаачилгыг дэмжсэнд Киргизийн Засгийн газарт манай тал талархал илэрхийлэв.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ оны зургаадугаар сард Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохирсон зүйлүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр талууд тодорхой ажлууд гүйцэтгэв. Тухайлбал, Монгол, Киргизийн Хөдөө аж ахуйн салбарын ажлын хэсэг байгуулагдаж, манай хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчдийг Киргизийн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, усжуулалтын сайд Э.У.Чодуев хүлээн авч уулзав.  Мөн хоёр улсын Мал эмнэлэг, хорио цээрийн асуудал хариуцсан агентлаг хоорондын уулзалт болов.


Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Киргизийн Эрүүл мэндийн сайд К.С.Чолпонбаевтай уулзаж, энэ үеэр талууд Эрүүл мэнд, эм зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа. Талууд 2014 онд байгуулахаар тохиролцсон хоёр улсын Худалдааны танхим хоорондын Бизнесийн зөвлөлийг энэ удаа мөн байгуулж, анхдугаар хуралдааныг зохион байгуулав.


Монгол, Киргизийн ГХЯ-дын Ази, Номхон далайн орнуудын газрын захирал нарын уулзалт мөн өдөр Киргизийн ГХЯ-нд болж, хоёр орны улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцан айлчлалын давтамжийг нэмж, ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмыг тогтмолжуулах талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Дараагийн хуралдааныг 2021 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов.

Холбоотой мэдээ