Дуучин Б.Амархүүд хоёр жилийн хорих ял оноов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-29 17:08:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэтгэцэд нөлөөт бодис бэлтгэсэн, хадгалсан хэргээр ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж, түүнд хоёр жилийн хорих ял оноов.


Б.Амархүүг есдүгээр сард Төв аймгийн Борнуур сумын нутгаас "НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай хууль"-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан "Дельта-9 Каннабиоген" төрлийн өвсийг худалдах зорилгогүйгээр түүж бэлтгэн хадгалсан хэрэгт буруутгажээ. Шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Түүнийг баривчилснаас хойших 28 хоногийг ялаас хасах бөгөөд давж заалдах эрхтэй аж. 


Өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө Б.Амархүү Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах өөрийн байрны өмнө сэтгэцэд нөлөөтэй байж болзошгүй бодис автомашин дотроо хадгалж байсныг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн саатуулсан. Улмаар мөрдөн байцаалтаас шүүхийн шинжилгээ, эд мөрийн баримтын хамтаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр зүйлчилж, хэргийг прокурорт шилжүүлжээ. Прокурорын байгууллага хэргийг хянаад энэ сарын эхээр шүүхэд шилжүүлээд байв.


Эрүүгийн хуульд "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Холбоотой мэдээ