Төв аймгийн сумдад "Эрүүл мал-Эрүүл хүнс" сэдэвт сургалтыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-03-30 18:13:43

Төв /МОНЦАМЭ/. Сумдын ЗДТГ, аймгийн мал эмнэлгийн газар, “Монгол Ви.И.Ти.Нет ТББ хамтран

энэ сарын 27-ноос эхлэн Төв аймгийн сумдын малчдад "Эрүүл мал-Эрүүл хүнс" сэдэвт сургалтыг явуулж эхэллээ.

Тус сургалт малын эмийн бодисыг зөв зохистой хэрэглэх, малын халдварт өвчнөөс сэргийлэхэд малчдын оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлийн мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой аж.

 Ингэснээр малаас гарч байгаа хүнсний бүтээгдэхүүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх юм хэмээн “Монгол Ви.И.Ти.Нет ТББ-ын борлуулалт хариуцсан менежер Б.Баасанбат хэллээ.

    Сургалт өчигдөр Аргалант сумаас эхэлж, өнөөдөр Бүрэн суманд, маргааш Баян-Өнжүүлд гэх мэтчилэн Төв аймгийн хорь орчим сумыг хамран явуулахаар төлөвлөөд байгаа аж.

Сургалтын хүрээнд "Малын эмийн зохистой хэрэглээ", "Малын халдварт өвчин, паразит өвчин"-ий талаар малын их эмч Т.Ариунсолонго, "Эрчимжсэн мал аж ахуй"-н сэдвээр малын их эмч Б.Баярцэцэг, "Мал эмнэлгийн үйлчилгээний эдийн засгийн үр ашиг" сэдвээр Б.Баасанбат нар малчдад лекц уншиж, тодорхой мэдээллүүдийг өгч байна. 

Мөн сургалтын үеэр шинээр мал эмнэлгийн салбарт мөрдөгдөж байгаа "Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хууль"-д шинэчлэгдэн орсон өөрчлөлтийн зүйл, заалтыг танилцуулж байгаа гэнэ.

    Сургалтын үеэр малчдад малын тамир тэнхээ сайжруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эм, эмийн бодисыг  “Монгол Ви.И.Ти.Нет ТББ-аас хямдралтай үнээр худалдаалж байгаа гэж тус байгууллагын борлуулалт хариуцсан менежер Б.Баасанбат мэдээллээ.

Холбоотой мэдээ