Ө.Батзул олон улсын тэмцээнд хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-21 08:34:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилийн нэрэмжит олон улсын тэмцээн нэгдүгээр сарын 17-19-нд ОХУ-ын Красноярск хотод болж шилдгүүдээ шалгарууллаа.


Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 97 кг-д үндэсний шигшээ баг, "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Ө.Батзул хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Красноярскт 1/8 шигшээд нутаг нэгт Б.Намхайг 7:0-ээр, шөвгийн наймд Хойд Осетийн Георгий Гогаевыг 14:8-аар тус тус ялсан ч хагас шигшээд Чечений Тамерлан Расуевт 1:9-өөр дийлдсэн. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Дагестаны Асадулла Ибрагимовыг 7:2-оор ялснаар медалийн тавцанд зогсов. 


Манай ОУХМ Г
.Ганхуяг 86 кг-д, спортын мастер Ч.Алтангэрэл 97 кг-д, залуу тамирчин М.Тэмүүжин 70 кг-д тус тус хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагджээ.


Красноярск хотод ирэх хоногт эхлэх Иван Ярыгиний нэрэмжит Гран прид зодоглох Оросын эрэгтэй тамирчдыг сонгосон уг тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд манай тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм. Монголын чөлөөт бөхийн шилдэг тамирчид  энэ сарын 24-27-нд тус хотод болох дэлхийн чансааны оноо олгох Гран прид зодоглоно.

Холбоотой мэдээ