Монголын шигшээ багийн холбогч Н.Нандинхүсэл Флоридагийн “Пантерс” багт тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3-ын ДАШТ-ий мөнгөн медальт, Монголын шигшээ багийн холбогч Н.Нандинхүсэлийг АНУ-ын NCAA-ийн хоёрдугаар дивизонд өрсөлддөг Флоридагийн технологийн их сургуулийн “Пантерс” баг эгнээндээ нэгтгэснээ зарлалаа.
Ингэснээр Н.Нандинхүсэл АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лигт өрсөлдөх анхны монгол эмэгтэй тамирчин болж байна.
Тус багийн ахлах дасгалжуулагч Эшлигийн мэдэгдэлд “Бид холбон тоглогч Н.Нандинхүсэлийг багтаа нэгтгэж байгаагаа дуулгахад таатай байна. Тэр бол зүрх сэтгэлээрээ, өндөр IQ-тай тоглодог талбайн зохион байгуулагч төдийгүй Флоридагийн технологийн их сургуулийн соёлд тохирох нэгэн. Саяхан Монголын 3х3 шигшээ багаа манлайлан дэлхийн аваргын мөнгөн медальд хөтөлсөн. Олон улсын тэмцээний туршлагаа багт авчирна. Н.Нандинхүсэлийн олон улсын туршлага, сагсан бөмбөгийн төлөөх хүсэл тэмүүлэл манай багийг талбай дээр болон талбайн гадна өөрчлөх болно. Бид зөвхөн чадварлаг холбон тоглогчийг багтаа нэгтгээд зогсохгүй манай хөтөлбөрийг, хамт олныг бадраах нэгнээр бүл нэмлээ” гэжээ.
Флоридагийн
технологийн их сургуулийн сагсан бөмбөгийн эмэгтэй баг нь NCAA-ийн хоёрдугаар
дивизоны тэмцээнд есөн удаа оролцож байжээ. Ингэхдээ зургаан удаа Саншайн
мужийн конференцийн аварга болж, дөрвөн удаа SSC тэмцээний аварга, нэг удаа
NCAA хоёрдугаар дивизоны өмнөд бүсийн аварга хүртэж, 2002 онд хоёрдугаар
дивизоныхоо шилдэг найман багийн нэг болсон байна.