Тосон Хулстайд үйлдвэрлэлийн зориулалтаар хадлан бэлтгэхийг хоригложээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-09-18 15:41:50

Дорнод /МОНЦАМЭ/.  Энэ жил Тосон Хулстайн байгалийн нөөц газарт үйлдвэрлэлийн зориулалтаар хадлан бэлтгэхийг хоригложээ. Дорнод, Хэнтий аймгийн удирдлага ийнхүү санал нэгдэн шийдвэрлэснээр зээрийн сүрэг тааваараа бэлчиж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг сүйдэхээс хамгаалж чадсан аж.

Тосон-Хулстайн байгалийн нөөц газар нь Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумын нутгийг хамардаг, цагаан зээрийн төллөх, идээшлэх, бэлчээрийн гол газар юм. 

Ноднин Монгол орны нийт газар нутгийн 60 гаруй хувь гантай байснаас үүдэж Засгийн газраас өөр аймгийн нутаг дэвсгэрт гэрээгээр хадлан бэлтгэх зохицуулалт хийж байсан. Дээрх шийдвэрийн дагуу Дорнод, Төв аймгийн хооронд байгуулсан гэрээний дагуу таван мянган га талбайд хадлан бэлтгэх хүсэлтийг Төв аймгаас тавьж, Тосон-Хулстайн байгалийн нөөц газарт хадлан бэлтгэж эхэлсэн байдаг. Дээрх шийдвэрийн дагуу Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумын удирдлага бусад аймгийн хадланчидтай гэрээ байгуулж, Тосон-Хулстайн байгалийн нөөц газарт үйлдвэрлэлийн зориулалтаар хадлан бэлтгүүлсэн юм.

Холбогдох байгууллагаас гаргасан дүн мэдээгээр Тосон-Хулстайн байгалийн нөөц газарт тухайн үед 77 хадлангийн салаа ажиллаж, тус газрын 30 орчим хувийг хаджээ. Үүнээс үүдэн цагаан зээр дайжаад байсан бол энэ зун, намрын саруудад тааваараа бэлчиж байна. 

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ