Биткоины ханш 120 мянган ам.доллароос давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЕРЛИН, 2025 оны долоодугаар сарын 15 /DW/. Криптовалютын зах зээлд биткоины ханш анх удаагаа 120 мянган ам.долларын босгыг давлаа. Дэлхий даяар хамгийн өндөр үнэлгээтэй цахим валютад тооцогддог уг криптовалютын ханш долоодугаар сарын 14-ний даваа гаргийн өглөө өссөөр 123 мянган ам.долларт хүрсний дараа буурсан байна.
“АНУ дахь криптовалютад ээлтэй бодлого, мөн хөгжиж буй зах зээлүүдэд криптовалютын хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор ханш өсөх хандлага хэвээр байна” гэж “Swissquote” банкны шинжээч Ипек Озкардеская мэдэгджээ.
Харин "SPI Asset Management" компанийн шинжээч Стивен Иннес АНУ-ын засаг захиргаанаас санаачилсан "криптовалютыг дэмжсэн гурван хуулийн төслийг" дурдаад "криптовалютууд Вашингтонд дахин улс төрийн анхаарлын төвд орсныг" онцолсон байна.
Өнгөрсөн 11 дүгээр сарын эхээр болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялсны дараа биткоины ханш огцом өсжээ. Учир нь сонгуулийн кампанит ажлынхаа үеэр тэрбээр криптовалютын зохицуулалтыг сулруулах амлалт өгсөн юм. Гэвч Д.Трамп үүрэгт ажилдаа орсноос хойш тодорхой алхам хийгээгүй тул хэдэн долоо хоногийн дараа ханш дахин буурсан байна. Түүнчлэн худалдааны дайн болон үүнээс үүдэлтэй дэлхийн зах зээл дэх тодорхойгүй байдал криптовалютын салбарт сөргөөр нөлөөлжээ.
Он гарснаас хойш биткоины ханш 25 орчим хувиар өссөн байна. Уг криптовалютын ханш 110 мянган ам.долларын босгыг тавдугаар сарын 22-нд давсан билээ.