СҮХБААТАР: Улсын мэргэн Л.Одсайханд 20 сая төгрөг гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2025 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын сур харвааны төрөлд дэд байр эзэлсэн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Монгол Улсын мэргэн Л.Одсайханы амжилтыг мялааж 20 сая төгрөгийн батламжийг гардууллаа.
Тэрбээр 2007 оноос сурын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд уйгагүй бэлтгэл сургуулилт, хичээл зүтгэлийнхээ шимээр 2020 онд Монгол Улсын мэргэн цолыг хүртэж байсан нь мөн л Сүхбаатар аймгийн анхны мэргэн цолтой эмэгтэй харваач болж байсан юм.
Энэ жилийн баяр наадмаар Л.Одсайхан 40 сумнаас 36 онож дэд байрт шалгарсан билээ.
Шинэхэн гарди болон улсын мэргэнээ угтан авах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, аймгийн засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр болон нутгийн иргэдийн төлөөлөл оролцсон юм.