СҮХБААТАР: Хийлдэг завинаас унаж усанд осолджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Гүрмийн нууранд Сүхбаатар аймгийн иргэн, 27 настай Г хийлдэг завь дээр сууж яваад усанд осолдож амиа алджээ.
Тус дуудлага мэдээлэл Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдэж, осолдсон иргэнийг уснаас эрэн хайх ажиллагаа бүтэн нэг өдөр үргэлжилжээ.
Гүрмийн нуур нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт байдаг бөгөөд нуурийн эргийн тойрог нь 10 метр, гүн нь 4-7 метр хөлгүй нуур учир эрсдэлтэй. Тус нуур Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас 40 км зайд байдаг учир орон нутгийн иргэд зорьж очих нь элбэг байдаг.
Иймд аялал, зугаалгын цаг үргэлжилж байгаа энэ өдрүүдэд иргэн бүр хариуцлагатай байж гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.
Гол, усны ойролцоо амарч, зугаалах үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь тоглуулахгүй байх,сэлж чаддаг гэж бардалгүй, аюулгүй байдлаа сайтар хангах, булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах, түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх, зориулалтын бус хийлдэг гудас, завьтай голд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчих зэрэг зөвлөмжийг дагах нь таныг болзошгүй эрсдэлээс хамгаална гэдгийг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.