Агаарын тээврийн компаниуд Boeing-ийн түлшний системийг шалгаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-07-16 14:01:10

ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 16 /Reuters/. Агаарын тээврийн компаниуд "Boeing" загварын онгоцнуудынхаа хөдөлгүүрт түлш дамжуулах системийг шалгаж эхэлжээ.


Энэтхэгийн “Air India” компанийн "Boeing 787" нисэх онгоц сүйрсэн шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулсны дараа нарийвчилсан шалгалтуудыг эхлүүлсэн байна. Нэг хөдөлгүүрт түлшний нийлүүлэлт тасалдсаны улмаас онгоц осолдсон шинжээчид урьдчилан дүгнэжээ.


Түлш дамжуулах систем техникийн стандартад нийцэж буй эсэхийг Австралийн “Qantas Airways”, Японы “All Nippon Airways” (ANA) болон “Japan Airlines” (JAL), Солонгосын “Korean Air”, мөн Сингапурын S”ingapore Airlines” компани шалгах ажээ. Агаарын тээврийн зарим компани 2018 онд гарсан зөвлөмжийн дагуу түлшний механизмыг өмнө нь шалгаж байжээ.  


"Air India" компани одоогоор "Boeing 787" онгоцнуудынхаа тал хувийг, мөн "Boeing 737" загварын онгоцнуудыг үндсэндээ бүгдийг шалгаж дуусгасан бөгөөд одоогоор ямар нэгэн асуудал илрээгүй байна гэж мэдээлсэн байна. 


Өнгөрсөн сарын 12-нд Ахмадабад-Лондон чиглэлийн нислэг үйлдэж байсан "Air India" компанийн нисэх онгоц хөөрснөөсөө хойш 30 секундийн дараа осолдож, анагаах ухааны коллежийн барилга дээр унасны улмаас 274 хүн амиа алдсан юм.

Холбоотой мэдээ