Завхан: Вакцин хийлгэх нас нь хүрээгүй хүүхдүүд халдвар авах эрсдэлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 8 суманд улаан бурхан өвчний батлагдсан тохиолдол бүртгэгджээ.
Нийт батлагдсан 27 тохиолдлын 24 нь эмнэлэгт эмчлүүлж бүрэн эдгэрсэн, сүүлийн 24 цагт 2 тохиолдол батлагдсан байна. Батлагдсан тохиолдлын 46 хувь нь 0-4 насныхан, 56 хувь нь эрэгтэй хүүхдүүд, ойрын 712 хавьтал байна.
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдлын 80-85 хувийг нь улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний эсрэг товлолт вакцинд хамрагдаагүй хүүхэд эзэлж байна.
Тиймээс дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхдээ 1-р тунг 9 сартайд, 2-р тунг 2 настайд нь улаанбурхан, гахай хавдар, улаануудын" эсрэг вакцинд хамруулахыг дахин зөвлөж байна.
Хэрвээ дархлаажуулалтаас хоцорсон бол оршин суугаа газрынхаа эрүүл мэндийн төвд хандан нөхөн дархлаажуулалтад хамруулах шаардлагатай юм.
Халдвар нь вакцин хийлгэх нас нь хүрээгүй буюу 9 сараас доош насны хүүхдүүдийг илүү хамарч эхэлсэн нь онцгой анхаарал татаж байна. Иймд бага насны хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Улаанбурхан өвчний халдвар авсан байх эрсдэлтэй бол тууралт гарахаас өмнө оношлох шаардлагатай байгааг манай эцэг эхчүүд анхаарах шаардлагатай бөгөөд энэ нь халдварын тархалт болон өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх юм.
Эмнэлзүйд илрэх шинж тэмдэг нь ихэвчлэн Нүд улайх нуухтах, халуурах, амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрнэ. Эдгээр шинж тэмдэг илэрвэл сум өрхийн эрүүл мэндийн төв болон аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хандахыг анхааруулж байна гэж Завхан аймгийн ЭМГ-аас мэдээлэв.