Б.Анхбаяр: Гамшгийн голомтыг цэвэрлэх ажил 61,8 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-02 10:29:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод үерийн гамшгийн дараах сэргээн босголтын ажил явагдаж байна. Тус ажлын явцын талаар аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Д.Анхбаяраас тодрууллаа.

- Гамшгийн голомтыг цэвэрлэх ажил хэр зэрэг явагдаж байна?

- Үерийн голомтод нийтдээ 198 га газарт хуримтлагдсан хог, лааг, шаврыг цэвэрлэх ариутгах ёстой. Үүнээс одоогийн байдлаар 122,5 га талбайг цэвэрлэж, 16,3 мянган тонн хог, шороог голомтоос тээвэрлэн зайлуулсан. Цэвэрлэгээний ажил 61,8 хувийн гүйцэтгэлтэй үргэлжлэн явагдаж байна.
 
- Ариутгалын ажлыг яаж зохион байгуулж байна?

- Ариутгал халдваргүйтэлийн ажлыг  дөрвөн байгууллага, 21 хүн, 3 нэгж техниктэйгээр хийж байгаа. Одоогийн байдлаар 45,1 га талбайг ариутгаж, 160 флакон ариутгалын бодис буюу жавельон зарцуулаад байна. Ариутгалын ажил цэвэрлэгээний ажил дуусмагц богино хугацаанд хийгдэх боломжтой юм. Цэвэрлэгээний ажил шуурхай явахад хүндрэлтэй байгаа. Зарим газарт нэг метр орчим шавар хуримтлагдсан. Уг ажлыг аймгийн ЗДТГ-аас удирдан өдөр болгон зохион байгуулж байна. Ариутгал, халдваргүйтэлийн ажилд Зэвсэгт хүчний жанжин штабт хүсэлт тавьж, Ховд аймгаас АРС-14 У маркийн ариутгалын зориулалтын хоёр авто машин ирж, манай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ариутгалын машинтай хамт гурван нэгж техникээр гүйцэтгэж байна.
 
- Одоо түр амрах байранд хэдэн хүн байгаа вэ?
 
- Түр амрах байранд байгаа иргэдийг нэгдсэн хоол ундаар хангах арга хэмжээ өнгөрсөн сарын 29-ний өдрөөс дуусгавар болсон. Энэ ажлыг аймгийн ЗДТГ, Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллага хамтран санхүүжүүлж байсан юм. Өнөөдрийн байдлаар Өлгий сумын зургадугаар ахлах сургуулийн дотуур байранд найман өрхийн 30 хүн байгаа. Эдгээр хүмүүс бол хоол ундны асуудлаа өөрсдөө шийдвэрлэж байна.
 
- Гамшгийн улмаас хохирол амссан хэдэн хүний орон байрны асуудлыг шийдвэрлэсэн вэ?

- Монгол Улсын Засгийн газраас 80 гэр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн санаачилгаар "Гэрэлт есөн од" компаниас гурав, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас 10 гэр, нийтдээ 93 гэрийг олгоод байна.

- Тандалт судалгаанд хамрагдсан айл өрхүүдийн худгийн  73 хувь нь ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргасан байна. Иргэдийг цэвэр усаар хангах ажлыг яаж зохион байгуулж байна?
 
- Цэвэр усаар хангах асуудлыг нийтийн аж ахуйн үйлчилгээний "Суат" компани хариуцаад ажиллаж байгаа. Саяхан Засгийн газрын тусламжаар нэг цэвэр ус тээвэрлэх машин ирсэн. Өнгөрсөн сарын 30, 31-ний өдрүүдэд тус компаниас манайд иргэдэд ус түгээсэн талаар мэдээ ирүүлээгүй. Явахгүй байгаа гэсэн мэдээ өгсөн. Хэрвээ багийн Засаг дарга нар иргэдэд цэвэр усны хэрэгцээ шаардлага гарвал тухай бүрт нь "Суат" компанид хүсэлт тавьж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой.  

Ө.Нурболат

Холбоотой мэдээ