Иж бүрэн рентген аппарат ажиллах өдрөө хүлээн зогсож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-23 15:19:42

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын эмнэлэг рентген оношлогооны иж бүрэн аппараттай болоод байгаа ч ажиллуулж чадахгүй байна. 

Эдний эмнэлгийн рентгений бага эмч Ч.Чүлтэмсүрэн 3 жилийн турш хөөцөлдөж байж 48 сая төгрөгийн өртөг бүхий иж бүрэн рентген аппаратыг сумандаа авчраад байгаа ажээ.  Тус аппаратаа суурилж бэлэн болгосон боловч одоогоор зураг авах үед ялгардаг туяаны хорыг гадагшлуулахгүй байх хамгаалалтыг хийх хөрөнгөгүйн улмаас уг аппарат ажиллах өдрөө хүлээн зогсож байгаа гэнэ. Рентгенийхээ өрөөг эмнэлгийн дотоод нөөц бололцоогоо ашиглан, мөн өөрөө хувиасаа засварласан байна. Уг аппаратын 8 саяыг орон нутгийн хөрөнгөөр, үлдсэн 40 саяыг Дэлхийн зөн ОУБ-аас ивээн тэтгэжээ.

Тус аппарат ажиллаж эхэлснээр хүмүүсийн явах зардал, чирэгдэл хэмнэгдэж, мөнгөний урсгал сумандаа үлдэхээс гадна толгой, тархи, нуруу нугас, хөл, гар, уушиг, зүрх гээд бүхий л эрхтэний оношлогоог хийх бүрэн боломжтой болж байгаа юм байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум нь хойд тэнхлэгийн төв зам дагуу оршдог учраас автомашины урсгал тасардаггүй хөвөрдөг онцлогтой сум юм. Иймээс зам дагуу, хөл хөдөлгөөн ихтэй учраас авто осол гарах нь их, тус эмнэлгийн анхан шатны тусламж авах иргэдийн тоо нэлээд байдаг тухай хэмээн тус эмнэлгийн эрхлэгч Ч.Гиймаа хэлж байлаа. Тус эмнэлэг нь сум дундын эмнэлгийн статусаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ