"Могойн гол" компани 73000 тн нүүрс борлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-08 18:48:44
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн  "Могойн гол"  ХК-ийн нүүрсний уурхай үйл ажиллагаагаа өргөжүүлэн өнгөрсөн оноос Хятад улсын зах зээлд нүүрсээ гаргаж эхэлсэн билээ. Тус компанийн хамт олон 2017 онд 73 мянган тонн нүүрс худалдан борлуулж 2 тэрбум 500 сая төгрөгийн орлого олжээ.
Хятад улсын зах зээлд 18000 тн, Завхан аймагт 20 мянган тонн, үлдсэнийг нь орон нутагтаа борлуулсан байна.
Могойн гол компани нь 70 хүнийг тогтмол ажлын байраар хангадаг бөгөөд цаашид уурхайн орлогыг нэмэгдүүлэхэд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай гэнэ. Өнөөдрийн байдлаар 20 гаруй техник хэрэгсэлтэйгээс 70 гаруй  хувь нь хуучирсан, шинэчлэх шаардлагатай гэдгийг Могойн гол ХК-ийн захирал Б.Хашбат хэлж байлаа. Тус уурхай 1971 оноос Завхан болон Хөвсгөл аймгийн хэрэглэгчдийг нүүрсээр хангах зорилгоор ажиллаж эхэлсэн байна. Уурхайн нөөцийг 12 сая тонн гэж үздэг, өнөөдрийн байдлаар хоёр сая орчмыг ашиглаад байна.
Завхан, Хөвсгөл аймгийн хэрэглэгчдэд нүүрсийг тонныг нь 33000 төгрөгөөр борлуулж байгаа бол Хятадын зах зээлд эхний ээлжинд 39000 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд цаашид үнийг нэмэх бодлого барьж байгаа ажээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ