Энэ онд хэвлэл мэдээллийн байгууллагын 65 ажилтан ажлаа хийж яваад амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-20 08:17:14
 ПАРИС. /АП/. 2017 онд хэвлэл мэдээллийн байгууллагын 65 ажилтан ажил үүргээ гүйцэтгэн явж байхдаа амь үрэгджээ.

Хэвлэлийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Парист төвтэй “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын ТББ-аас мягмар гарагт гаргасан мэдэгдэлд “Энэ он гарснаас хойш хэвлэл мэдээллийн байгууллагын 65 ажилтан, тэдгээрийн дотор 50 мэргэжлийн сэтгүүлч  ажил үүргээ гүйцэтгэн яваад амиа алдсан” гэсэн байна. Гэхдээ энэ нь сүүлийн 14 жилийн хугацаанд хамгийн цөөн сэтгүүлч амь үрэгдсэн тохиолдол гэнэ. Сэтгүүлчдэд хамгийн “халтай” улсаар Сири, Мексик, Афганистан, Ирак болон Филиппин гэсэн таван улсыг тус байгууллага нэрлэжээ. 

Энэ 65 хүний 35 нь зэвсэгт мөргөлдөөн, дайн байлдаантай байгаа улс орнуудад, үлдсэн 30 нь бусад улс оронд амиа алдсан аж. Тэгвэл тэдний 39 нь улс төрчдийн авлигын хэрэг, зохион байгуулалттай гэмт хэрэг зэргийг сурвалжлан явж байгаад амь насаа алдсан бол 26 нь тэсрэх бөмбөгийн дэлбэрэлт, халдлагад өртжээ. 

“Хил хязгааргүй сэтгүүлчид” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Катя Глогер ярихдаа “Дайн байлдаангүй газарт олон сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэн явж байгаад амь үрэгдсэн гэдэг бол айдас төрүүлэм хэрэг юм. Энэ бол мэргэжлийн сэтгүүлзүй, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хэрэг. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнуудын эсрэг хүчирхийлэл үйлдэгсэд ял шийтгэлгүй өнгөрч байна. Тэдэнд зохих шийтгэлийг нь оноох цаг хэдийнээ ирээд байна. Авлига, хүчирхийлэл зэрэг дэлхий дахинд тулгамдсан томоохон асуудлуудыг сэтгүүлчдийн оролцоогүйгээр шийдвэрлэж чадахгүй” гэсэн байна.

Мөн тус байгууллагын мэдэгдсэнээр, одоогоор хэвлэл мэдээллийн байгууллагын 300 гаруй ажилтан ажил үүргээ гүйцэтгэж явсныхаа төлөө шоронд ял эдэлж байна. Тэдний бараг тал хувь нь таван улсад, тодруулбал Турк, Хятад, Сири болон Вьетнамын шоронд хоригдож байгаа аж.
Г.Доржханд
Холбоотой мэдээ