Нью-Йоркт тусгай анги нэгтгэл байгуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-17 14:17:08

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн Нью-Йорк хотын цагдаа нар болзошгүй халдлагын үед шуурхай хариу арга хэмжээ авах тусгай анги нэгтгэл байгуулсан байна. Энэ тухай тус хотын цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлжээ.

“Даваа гарагаас хотын гудамжуудад Гол хариу арга хэмжээ авах баг гэж нэрлэсэн шинэ анги нэгтгэл ажиллаж эхэлнэ. Тус багийн гол даалгавар нь болзошгүй террорист халдлагатай холбоотой аюул заналаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах юм” гэж тэрбээр хэлсэн байна. “Шинэ анги нэгтгэлийг байнгын үйл ажиллагааны үндсэн дээр байгуулсан бөгөөд террорист аюулын түвшнийг үл харгалзан ажиллана” гэж Нью-Йоркийн цагдаа цохон тэмдэглэжээ.

Гол хариу арга хэмжээ авах багийн 100 офицер хотын гудамжуудад өдөр бүр эргүүл хийнэ гэж Нью-Йорк хотын цагдаагийн комиссар Уильям Брэттон даваа гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна. Шинэ анги нэгтгэл нь нийтдээ 500 орчим офицероос бүрдэх аж. Ийм арга хэмжээ авснаар Нью-Йоркийн эрх баригчдын “хотын аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ” эхэллээ гэж Брэттон онцлон дурджээ.

Үндсэн хариу арга хэмжээ авах багийнхан хотын аж үйлдвэрийн чухал объектууд оршдог болон олон хүн цугладаг газруудад эргүүл хийх аж.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ