Ирвэсэнд сансрын дохиолол дамжуулах хүзүүвч зүүлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймгийн Дэлүүн сумын нутагт орших Хөх Сэрхийн нурууны Дархан цаазат газрын Яргайтын хөндий, Нарийны хөндийд судалгаа шинжилгээний зорилгоор хоёр ирвэст сансрын дохиололтой хүзүүвч энэ сарын 24-ний өдөр зүүсэн байна.
Уг ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд Америк, Оросын судлаачидтай хамтран гүйцэтгэжээ. Мөн ирвэсний биеийн жин, мөрний хэмжээсүүдийг авсан байна. Энэ нь тус нутагт ирвэст сансрын дохиолол дамжуулагч хүзүүвч зүүлгэсэн 2 дахь тохиолдол бөгөөд 2015 онд нэг ирвэст зүүж байжээ.
Хөх Сэрхийн нурууны Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Хуанышаас хүзүүвчний ач холбогдлын талаар тодруулахад: "Дээрх ажлыг автомат камерын тусламжтайгаар гүйцэтгэлээ. Ирвэсийг сансрын дохиололтой хүзүүвчтэй болгосноор амьтны байршил хөдөлгөөнийг судлах боломж бүрдэж, судалгааны ажил хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулж авах юм. Холбогдох мэдээллүүдийг www.vectronic-wildlife.com сайтаар дамжуулан хоёр цаг тутамд сансрын станцаас шууд хүлээн авна. Манай дархан цаазат газарт 5-8 ирвэс нутагладаг гэсэн судалгаа байгаа. Хүзүүвч зүүлгэх ажил цаашид шат дараатай зохион байгуулна. Энэ нутагт амьдардаг нохой зээг, аргальд ч үүнийг туршиж үзэхээр ажиллаж байна" гэв.
Дашрамд хэлэхэд, Хөх Сэрхийн нурууны Дархан Цаазат газар нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, Ховд аймгийн Ховд сумын хилийн зааг нутагт оршдог юм. Энэ уулын байгалийн үзэсгэлэнт байдал болон ирвэс, аргаль, янгирын нөөцийг хамгаалах тогтвортой өсөлтийг хангах зорилгоор 1977 онд Дархан цаазат газар болгосон байна.
Ө.Нурболат