200 гаруй төрийн албан хаагчид сахилгын хариуцлага тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-18 19:48:39
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт 5200 гаруй төрийн албан хаагч төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэн ажиллаж байна.

2017 оны 9 сарын байдлаар 226 албан хаагчид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, долоон албан хаагчийг төрийн албанаас халж, 119 албан хаагчид цалинг бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулжээ. Эдгээр албан хаагчдын 62 нь ажлын хариуцлага алдсан, 61 нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, 45 нь архидан согтуурсан, 32 нь харилцаа хандлагын зөрчил гаргасан, 17 нь хууль тогтоомж зөрчсөн, хоёр нь ашиг сонирхлын зөрчилтэй байна.
Төрийн албан хаагчийн ажлын хариуцлага, ёс зүй, харьцаа хандлагатай холбоотой өргөдөл, гомдол нь ихэнхдээ эмнэлэг, сургууль, эрчим хүч, сумын ЗДТГ-тай холбоотой ирдэг ажээ.  
Дээрх 5200 төрийн албан хаагчаас 4233 төрийн албан хаагч төрийн үйлчилгээнд, 593 нь төрийн захиргаанд, 233 нь төрийн тусгай албанд, 163 нь улс төрийн салбарт ажиллаж байгаа юм. Мөн 375 хүн удирдах, 3343 нь гүйцэтгэх, 1504 нь туслах албанд ажиллаж байна. Төрийн албан хаагчдын 3689 нь эмэгтэй, 1533 нь эрэгтэй аж.
Боловсролоор нь авч үзвэл 2793 нь бакалавр, 211 нь магистр, 5 нь доктор, 200 нь дипломын дээд, 704 нь тусгай дунд, 881 нь бүрэн дунд, 374 нь бүрэн бус дунд, 46 нь бага, 8 нь боловсролгүй хүн байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ