МЬЯНМАР: Рохинжачууд гэж хэн бэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-11 18:29:42
НЕЙПЬИДО. /Аль-Жазира/. Сүүлийн үед "рохинжачууд" олон улсын анхаарлын төвд ороод байна. Үүнтэй холбоотойгоор Катарын төрийн мэдлийн "Аль-Жазира" телевизийн цахим хуудсанд "МЬЯНМАР: Рохинжачууд гэж хэн бэ?"  гэсэн гарчигтай нийтлэл гарсныг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Яагаад Мьянмар дахь нэг сая гаруй рохинжа хүн “дэлхийн хамгийн хавчигдмал үндэстний цөөнх” гэгдэх болов?

Рохинжачууд бол хүн амынх нь дийлэнх хувийг буддын шашинтнууд эзэлдэг Мьянмарын үндэстний цөөнх бөгөөд лалын шашинт хүмүүс юм. Одоогоор Зүүн Өмнөд Азийн Мьянмар улсад 1.1 сая орчим рохинжа хүн амьдарч байна.

Рохинжачууд нь Мьянмар даяар болон Мьянмарын Ракхайн мужид амьдардаг бусад ястны ярьдаг аялгуунаас өөр буюу рохинжа аялгаар ярьдаг. Рохинжачууд нь Мьянмарын албан ёсны 135 үндэстний цөөнхийн бүлэгт багтдаггүй бөгөөд 1985 оноос тэднийг Мьянмарын иргэн гэж тооцохоо больсноор тэд иргэний харьяалалгүй болсон байна.

Мьянмарын рохинжачууд бараг бүгдээрээ тус улсын баруун нутгийн Ракхайн мужид амьдардаг бөгөөд засгийн газрын зөвшөөрөлгүйгээр тэд гадаад улс орнууд руу явж болдоггүй аж.

Ракхайн нь Мьянмарын хамгийн ядуу буурай мужуудын нэг бөгөөд еврейн хороололтой төстэй, оршин суугчид нь эрүүл мэндээ үзүүлэх ба боловсрол эзэмших зэрэг үндсэн үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй гэнэ.

Хэдэн арван жилийн тэртээгээс рохинжачууд хүчирхийлэл, хавчлага мөрдлөгийн улмаас хэдэн зуун мянгаараа хөрш орнууд руу дүрвэсээр байна.

Рохинжачуудын гарал угсаа?
 
Түүхчид болон рохинжачуудын өөрсдийн ярьснаар, Мьянмарт амьдардаг энэ лалын шашинтнуудын талаар XII зууны эхэн үеэс хүмүүс мэддэг болжээ.

“Араканы рохинжачуудын үндэсний байгууллага” хэмээх рохинжачуудын улс төрийн байгууллагын мэдэгдсэнээр, рохинжачууд нь хуучнаар Аракан, одоогийн Ракхайн мужид эртнээс амьдарч байжээ.



Их Британийн 100 гаруй жилийн колоничлолын үед (1824-1948) өнөөгийн Энэтхэг болон Бангладешаас Мьянмарт олон зуун ажилчин очиж байжээ. Их Британи нь Мьянмарыг Энэтхэгийн нэг муж гэж үздэг байсан учир цагаач ажилтнуудыг Мьянмар руу илгээж байгаагаа “дотоодын шилжилт хөдөлгөөн” гэж тооцдог байсан гэж “Хью́ман Райтс Вотч” олон улсын ТББ мэдэгдэв. Ийм шилжилт хөдөлгөөнийг Мьянмарын уугуул иргэдийн дийлэнх нь сөргөөр хүлээж авч байжээ.

Харин тусгаар тогтосныхоо дараа Мьянмарын Засгийн газар энэ шилжилт хөдөлгөөнийг Их Британийн колоничлолын үед хийсэн “хууль бус” үйлдэл гэж тодорхойлсон нь өнөөдөр рохинжачуудад иргэний харьяалал олгохгүй байгаагийн гол шалтгаан юм гэж “Хью́ман Райтс Вотч” байгууллагаас 2000 онд гаргасан тайланд дурджээ.

Мьянмарын Засгийн газрын дээрх мэдэгдэлтэй холбоотойгоор тус улсын буддын шашинтнууд рохинжачуудыг “бенгал” гэж үзэх болсон бөгөөд улс төрийн шалтгаанаар саяхнаас “рохинжачууд” гэх нэр томъёог хэрэглэхээс татгалзжээ.

Яагаад рохинжачуудыг хавчин гадуурхаж байна вэ? Тэднийг яагаад хүлээн зөвшөөрдөггүй вэ?

1948 онд Мьянмар улс Их Британиас тусгаар тогтносныхоо дараахан үндэстний цөөнхийн ямар бүлэглэлд харьяалагдах хүмүүс Мьянмарын иргэн болж болохыг жагсаан бичсэн Иргэний харьяалал олгох тухай хуулийг баталжээ.

Америкийн Йелийн их сургуулийн Хуулийн сургуулийн Олон улсын хүний эрхийн тэнхимээс 2015 онд гаргасан судалгааны тайланд дурдсанаар, уг жагсаалтад рохинжачууд багтаагүй байна.

Гэхдээ ар гэрийнхэн нь наад зах нь хоёр үеэрээ Мьянмарт амьдарсан хүмүүст иргэний үнэмлэх олгоно гэж уг хуульд тусгажээ.



Уг ерөнхий заалтын дагуу рохинжачууд эхэндээ иргэний үнэмлэх авч байсан гэнэ. Тэр ч байтугай хэд хэдэн рохинжа хүн парламентын гишүүн болж байсан ажээ.

1962 онд Мьянмарт гарсан цэргийн эргэлтийн дараа рохинжачуудын хувьд нөхцөл байдал эрс өөрчлөгджээ. Бүх хүн иргэний үнэмлэх авах шаардлагатай гэж заасан ч рохинжачуудад л боловсрол эзэмших, ажил хийхийг нь хязгаарласан “гадаадын иргэний түр оршин суух үнэмлэх” олгож байжээ.

1982 онд Мьянмар улс “рохинжачуудын статусыг мөн л орхигдуулсан” иргэний харьяаллын тухай шинэ хууль баталсан байна. Тодруулбал, уг хуульд рохинжачуудыг Мьянмарын 135 ястны тоонд багтаагаагүй байна. Уг хуулиар иргэний харьяаллын гурван түвшинг тогтоожээ.

1948 оноос өмнө ар гэрийнхэн нь Мьянмарт амьдарч байсан гэдгийг нотолж чадах, мьянмарчуудын ярьдаг хэлний аль нэгээр нь чөлөөтэй ярьж чадаж байвал хамгийн түгээмэл буюу уугуул иргэний харьяалалд багтаана гэж уг хуульд тусгажээ. Нотлох баримт бичиг дутагдалтайн улмаас рохинжачуудын олонх нь уугуул иргэдийн тоонд багтаж чадаагүй байна.

Энэ хуулийн уршгаар рохинжачууд өнөөдөр ч сурч боловсрох, ажиллах, аялах, гэрлэх, шашин шүтэх болон эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхээ эдэлж чадахгүй  байна.

1970-аад оноос хойш Ракхайн мужид рохинжачуудыг дарах хэд хэдэн ажиллагаа явуулснаар тэд олноороо хөрш Бангладеш, Малайзи, Таиланд болон Зүүн Өмнөд Азийн бусад улс орон руу дүрвэх болжээ. Иймэрхүү ажиллагааны үеэр Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн рохинжа охид эмэгтэйчүүдийг хүчирхийлж, эрэгтэйчүүдийг нь эрүүдэн шүүж, орон байрыг нь галдан шатааж, амь насыг нь хөнөөж байсан гэж дүрвэгчид ярьдаг юм.



2016 оны 10 дугаар сард хил хамгаалж байсан есөн цагдааг хөнөөсөн хэрэг гарсны дараа Мьянмарын цэргүүд Ракхайн муж руу дайран орсон байна. Цагдаа нарыг хөнөөсөн гэж рохинжа босогчдын нэгэн бүлэглэлийг Мьянмарын Засгийн газар буруушааж байгаа юм. Энэ хэргийн улмаас  рохинжачууд амьдардаг тосгодод аюулаас хамгаалах хүчнийхэн ажиллагаа явуулах болжээ. Ажиллагааны явцад гэм буруутай нь тогтоогдоогүй хүмүүсийг шууд хөнөөж, охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, гэр орныг нь галдан шатаах зэргээр хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж рохинжачууд мэдэгдэж байгаа бол тус улсын Засгийн газар энэ мэдээллийг эрс няцааж байгаа юм.

2016  оны 11 дүгээр сард НҮБ-ын нэгэн албаны хүн “Үндэстний цөөнх рохинжачуудыг цэвэрлэх ажиллагаа явуулж байна” гэж Мьянмарын Засгийн газрыг буруушааж байв. Мьянмарын Засгийн газрыг ингэж буруушаасан мэдэгдлийг НҮБ анх удаагаа хийсэн нь энэ биш билээ.

Саяхан л гэхэд өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр цагдаагийн шалган нэвтрүүлэх цэгүүд болон армийн бааз руу халдсан хэрэг гарсны дараа рохинжачуудыг дарах ажиллагааг Мьянмарын армийнхан явуулж эхэлсэн.

Мьянмараас дүрвэгчид болон хүний эрхийн төлөө тэмцэгчдийн ярьснаар, цэргүүд ямар ч зэвсэггүй рохижачуудыг эр, эм, хөгшин, залуу гэж ялгалгүйгээр хөнөөж байгаа аж.

Ракхайн мужид мөргөлдөөн дэгдсэнээс хойш 10 гаруй газарт орон байр шатаж байгааг хүний эрхийн төлөө тэмцэгчид баримтжуулжээ. НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газрын мэдэгдсэнээр, өнгөрсөн сарын сүүлчээс хойш бараг 300 мянган рохинжа хүн Мьянмараас Бангладеш руу дүрвээд байгаа бол хэдэн мянган хүн тус хоёр улсын хооронд орших зэлүүд газарт хаашаа ч үгүй болоод байна. Мөн Бангладешийн хилийг давах гэсэн хэдэн зуун хүнийг хил хамгаалагчид албадан нутаг буцааж, заримыг нь баривчлан саатуулж байна гэсэн мэдээлэл байна.

Мьянмараас хэр олон рохинжа хүн хаашаа дүрвэсэн бэ?

1970-аад оны сүүлч үеэс хойш бараг 1 сая рохинжа хүн хавчлага мөрдлөгийн улмаас Мьянмараас дайжаад байна. НҮБ-аас энэ оны тавдугаар сард гаргасан мэдээллээс үзвэл, 2012 оноос хойш 168 мянга гаруй рохинжа хүн Мьянмараас дүрвэжээ.

Өнгөрсөн оны сүүлчээр дэгдсэн хүчирхийллийн улмаас буюу 2016 оны 10 дугаар сараас энэ оны долдугаар сар хүртэлх хугацаанд 87 мянга гаруй рохинжа хүн Бангладеш руу дүрвэсэн гэж Олон улсын цагаачлалын байгууллага мэдэгдэв.



Рохинжачууд мөн Малайзад хүрэх гэж Бенгалын булан болон Андаманы тэнгисийг завиар гатлах “амь өрссөн аялал”-д гарсаар байна. 2012-2015 онд 112 мянга гаруй хүн ийм аюултай аялалд гарчээ.

Өнгөрсөн сарын эхээр мөргөлдөөн дэгдэхээс өмнө НҮБ-ын гаргасан тооцоогоор, Зүүн Өмнөд Азийн улс орнуудад 420 мянган рохинжа дүрвэгч байв. Мөргөлдөөн эхэлснээс хойш рохинжачууд голдуу 1000 гаруй хүн амиа алдсан байж болзошгүй гэж тус байгууллага мэдэгджээ.

Ан Сан Су Чи болон Мьянмарын Засгийн газар рохинжачуудын тухайд юу ярьж байна вэ?

Рохинжачууд эрсдэл ороод байгаа талаар үнэнийг ярихаас Мьянмарын удирдагч буюу Канцлер Ан Сан Су Чи зайлсхийсээр байна. Хатагтай Ан Сан Су Чи болон түүний Засгийн газар рохинжачуудыг Мьянмарын “үндэстний цөөнх” гэж үздэггүй бөгөөд Ракхайн мужид болж буй мөргөлдөөнд тэднийг буруушааж, тэднийг “террористууд” гэж тодорхойлон “Армийнхан террористуудыг дарах ажиллагаа өрнүүлж байна” гэсээр байна.
 
Нобелийн Энх тайвны шагналт Ан Сан Су Чи нь армийнханд хяналт тавих эрхгүй боловч "Мьянмар дахь нэг сая гаруй рохинжа хүний эрхийн төлөө дуугарсангүй, рохинжачуудын эсрэг хүч хэрэглэж байгаа цэргүүдийг зэмлэн буруушааж, зогсоосонгүй" гэж түүнийг дэлхийн нийт шүүмжилж, тэр ч байтугай Нобелийн Энх тайвны шагналаа хураалгахыг түүнээс шаардаж байна.

Засгийн газрын цэргүүд хүчирхийлэл үйлдэж байна гэх мэдэгдлийг Мьянмарын Засгийн газар няцаасаар байгаа юм.


2016 оны 10 дугаар сараас эхлэн Мьянмарын цэргүүд рохинжачуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулан “хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдэж байна” гэсэн агуулга бүхий тайлан мэдээг НҮБ энэ оны хоёрдугаар сард нийтэлж байлаа.

Тухайн үед Мьянмарын Засгийн газар мэдэгдэл хийхдээ уг тайлан мэдээг шууд дурдаагүй ч “Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй террорист ажиллагаануудын эсрэг хууль ёсны арга хэмжээ авах замаар тэмцэн улс орноо хамгаалах эрх бидэнд байгаа. Бид дотоодын асуудлаа дотооддоо хангалттай шалгаж байна” гэж байв.

Ракхайн муж дахь нөхцөл байдлыг “үндэстний цөөнхийг цэвэрлэх ажиллагаа” гэж тодорхойлох нь “дэндүү давсалсан, хүч нэмсэн хэрэг” гэж Ан Сан Су Чи энэ оны дөрөвдүгээр сард “Би-Би-Си” телевизэд ярилцлага өгөхдөө хэлж байлаа.

Ракхайн муж руу сэтгүүлчид болон тусламжийн байгууллагын ажилтнуудыг Мьянмарын Засгийн газар нэвтрүүлдэггүй байна. “Террористуудад” тусалж байна гэж тусламжийн байгууллагуудыг Ан Сан Су Чигийн Засгийн газар мөн буруушаадаг байна.

Ракхайн мужид рохинжачуудын эрхийг ноцтой зөрчиж байна гэх мэдээллийн мөрөөр мөрдөн шалгах ажиллагаа явуулах гэсэн НҮБ-ын шинжээчдэд Мьянмар улс мөн виз олгохоос татгалзсаар байгаа ажээ.

Рохинжачуудын тухайд Бангладеш юу ярьж байна?

Бангладешт, голдуу түр хоргодох байруудад хагас сая орчим рохинжа дүрвэгч толгой хоргодож байна. Тэдний олонх нь хаана ч харьяалалгүй, бүртгэлгүй хэвээр байна.

Бангладешийн Засгийн газар хил нэвтрэн орж ирээд дүрвэгчдийн хуарангаас гадуур амьдарч буй хүмүүсийг “хил зөрчигчид” гэж үзэж байна. Бангладеш нь рохинжа дүрвэгчид хил давахаас урьдчилан сэргийлсээр ирсэн юм.

Энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр тус улс Мьянмараас ирсэн хэдэн арван мянган рохинжа дүрвэгчийг Тенгар Чар хэмээх алслагдсан аралд суурьшуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлжээ. Гэхдээ хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллагууд тус арлыг үер усанд өртөмтгий буюу “хүн оршин суух нөхцөлгүй газар” тодорхойлж байна.

2015 оны эхээр анх танилцуулсан уг төлөвлөгөөнд “Бенгалын булангийн энэ арал руу бичиг баримтгүй мьянмарчуудыг нүүлгэн шилжүүлнэ” гэж тусгажээ.

Рохинжа босогчидтой тэмцэх цэргийн ажиллагааг хамтран явуулах саналыг Бангладешийн Засгийн газар саяхан Мьянмарт тавьсан гэсэн мэдээлэл ч байна. 

Рохинжачуудын талаар олон улсын хамтын нийгэмлэг юу гэв?

Олон улсын хамтын нийгэмлэг рохинжачуудыг “дэлхийн хамгийн их хавчигдан гадуурхагдаж буй үндэстний цөөнх” гэж тодорхойлж байна.

НҮБ болон хүний эрхийн эрхийн төлөө тэмцэгч төрийн бус байгууллагууд, тухайлбал “Эмнести Интернэшнл” ба “Хьюман Райтс Вотч” Мьянмар болон хөрш улсууд дахь рохинжачуудын хувь заяа эрсдэлд ороод байгааг байнга анхааруулсаар байна.

Мьянмарын Ракхайн мужид хүний эрхийг “дайны гэмт хэрэг үйлдсэнтэй ч дүйцэхүүцээр” зөрчиж байх магадлал өндөр байна гэж НҮБ нэг бус удаа мэдэгдээд байгаа юм.

Саяхан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Мьянмарын үндэстний цөөнх рохинжачууд устах эрсдэл нүүрлээд байна” гэж анхааруулахын сацуу хүчирхийллийг зогсоохыг Ан Сан Су Чи болон тус улсын аюулаас хамгаалах хүчнийхэнд уриалсан юм. Хэрвээ энэ хүчирхийллийг таслан зогсоохгүй бол “хүмүүнлэгийн гамшиг нүүрлэх”-ээр байна гэж тэрбээр энэ сарын эхээр мөн анхааруулсан билээ.
Г.Доржханд
 

 

 
Холбоотой мэдээ