Америкийн сэтгүүлч Өмнөд Суданд амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-28 14:36:33
ЖУБА. /VOA/. Америкийн сэтгүүлч Өмнөд Суданы засгийн газар болон сөрөг хүчнийхэн хоорондын зэвсэгт мөргөлдөөнийг сурвалжилж байхдаа амиа алджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, чөлөөт сэтгүүлч Кристофер Аллен өнгөрсөн бямба гарагт Өмнөд Суданы өмнөд нутгийн Кая хотын ойролцоо болсон тулалдааны үеэр амиа алдсан байна.

К.Аллен нь сөрөг хүчнийхэнтэй нэг долоо хоногийн турш хамт байсан бөгөөд амиа алдах үедээ "Press" гэсэн бичигтэй хантааз өмссөн байсан гэсэн мэдээлэл байна.

НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газрын мэдэгдсэнээр, Өмнөд Суданы нэг сая гаруй иргэн зэвсэгт мөргөлдөөнөөс дайжин хөрш Угандад очоод байгаа аж.

Сүүлийн үед Өмнөд Суданд хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй хүмүүс болон байгууллага дайн байлдааны хөлд нэрвэгдэх болжээ. Он гарснаас хойш тусламжийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын 82 ажилтан тус улсад амиа алдаад байгаа гэнэ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ