Төмөр замын бетон дэрний үйлдвэр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-04 18:11:44

Дорнод /МОНЦАМЭ/. Төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэгч “Ган хийц” ХК Дорнод аймагт Төмөр замын бетон дэрийн үйлдвэрийг барьж ашиглалтад орууллаа. Үйлдвэр тун удахгүй ажлаа эхлэх гэж байна. Үйлдвэр ажиллаж эхэлснээр 120-иод хүн ажлын байраар хангагдана.

Эхний удаад 700 гаруй км төмөр замын, замын дээд тогтоц, бүх төрлийн барилгын даацын болон даацын бус төмөр бетон хийц эдлэлийг үйлдвэрлэх юм. Тодруулбал, Засгийн газрын 2016 оны 12-р сард баталсан 180-р тогтоолын дагуу Хөөтөөс Бичигт хүртэлх 244 км, Чойбалсангаас Хөөт хүртэлх 192 км, Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн 238 км замын дээд тогтоцыг үйлдвэрлэж, ирэх наймдугаар сард хүлээлгэн өгөх гэнэ. Нийтдээ 25 мянган ширхэг төмөр замын бетон дэр үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа гэж тус компанийн Дорнод салбарын гүйцэтгэх захирал Э.Мөнх-Эрдэнэ ярив.  

Сонирхуулахад, энэ үйлдвэрийг бүтээн байгуулахын тулд 2 тэрбум орчим төгрөг зарцуулжээ.  

Үйлдвэр тогтмол ажиллаж эхэлснээр импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, дотоодын үйлдвэрлэгчдийн эзлэх байр суурь өсөх гээд давуу тал олон бий. Төр засгаас бодлогоор дэмжиж чадвал энэ мэтчилэн томоохон үйлдвэрлэлийг дотооддоо байгуулах боломжтой гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.  

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ