Зөвшөөрөл авалгүйгээр барилга барьж байгаа иргэдэд торгууль ногдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 12:12:22

Дундговь аймгийн төвд барилгын ажил  эхлэх зөвшөөрөл авалгүйгээр орон сууцны барилга барьж байгаа арав гаруй иргэнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар хяналт шалгалт хийж байна.

Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий А зэрэглэлийн бүсэд барилга барихдаа иргэд Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”- ийн дагуу барилгын ажил эхлэх зөвшөөрлийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас авах ёстой юм байна. Иргэд хууль дүрэм судлаагүйгээс, дээр нь холбогдох байгууллага энэ талаархи ойлголтыг иргэдэд өгөөгүйгээс дуртай үедээ барилгын ажлыг эхлүүлсэн байгааг Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Цэрэннадмид хэллээ.

Барилгын тухай хууль, тогтоомж зөрчсөн этгээдэд барилгын техникийн улсын байцаагч хариуцлага хүлээлгэх талаар Барилгын тухай хуульд заасны дагуу зөвшөөрөлгүй барилга барьж байгаа арав гаруй иргэнд 250- 500 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн орон сууцны барилгын түрүүч нь дуусчихсан, үлдсэн нь 50- иасдээш хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ