Өмнөд Солонгосын эрх баригч намаас гарсан гишүүд шинэ нам байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-25 09:22:20

СӨҮЛ./Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх дуулиан шуугиантай холбоотойгоор эрх баригч “Сэнүри” намаас гарсан 31 хууль тогтоогч улс төрийн шинэ нам байгууллаа.

Мягмар гарагт Сөүл хотноо болсон шинэ намын анхны хуралд 4000 орчим хүн оролцжээ.

“Барэун нам” буюу “Шударга нам” нь  парламент дахь суудлынхаа тоогоор дөрөвдүгээрт орж байна. Тус нам парламентад 31 хууль тогтоогчтой.

Ерөнхийлөгч Пакийг албан тушаалаас нь түдгэлзүүлсний дараа 12 дугаар сарын 27-нд эдгээр хууль тогтоогчид “Сэнүри” намаас гарсан юм.

Шинэ намын дарга Чон Бён Гуг хэлэхдээ “эрх баригч “Сэнүри” нам зөвхөн өөрийн ашиг сонирхлыг эрхэмлэж, либерализм болон ардчиллыг хүндэтгэхгүй байсан учраас бид намаас гарсан” гэжээ.

"Ирэх ерөнхийлөгчийн сонгуульд манай нам нэр цэвэр бөгөөд нөлөө бүхий хүнийг нэр дэвшүүлж, ард түмнийхээ дуу хоолойг сонсч, жинхэнэ консерватив засгийн газрыг байгуулах болно" гэж тэрбээр хэлсэн байна.

Тус нам НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх бололтой.

Энэ онд болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ ганцхан хүн мэдэгдээд байгаа нь Соннам хотын дарга И Жэ Мүн юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ