Малчид малчдадаа туслах аян өрнүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-24 17:23:05

Дорнод аймгийн Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн мянгат малчин Баатарсайхан хөрш зэргэлдээ Дашбалбар сумын малчдад туслах аяныг санаачлан өрнүүллээ. Тэд тус сумын Номинт, Чух багийн малчдад өвс тэжээл, нэн шаардлагатай эд зүйлийг саяхан хүргүүлэв.

Газар зүйн байрлалын хувьд Чулуунхороот сум нь Дашбалбар сумтай хил залгаа оршдог, энэ жилийн хувьд өвөлжилт харьцангуй сайхан, цас багатай, малчид ч өвлийн бэлтгэлээ сайтар базаажээ. Тийм болохооор “саахалт айлын санаа нэг” гэгчээр зэргэлдээ сумын малчдадаа халуун сэтгэлээр хандаж байгаа хэрэг юм.

Чулуунхороот суманд 233 малчин болон мал бүхий өрхийн 70 шахам мянган толгой мал өвөлжиж, сүүлийн таван жил дараалан малын тоо толгой өссөн дүнтэй гарчээ.

“Малчдад туслах хандивын аян их төлөв сургуулийн сурагчдын дунд болон төсвийн байгууллагын ажилтнуудын оролцоотой өрнөдөг. Малчид малчдадаа туслах аяны хувьд анхных гэж хэлж болно. Тийм болохоор Баатарсайханы гаргасан санаачилгыг манай багийнхан талархан дэмжиж,  ажил хэрэг болголоо” гэж Цагаанчулуут багийн Засаг дарга Н.Гантөмөр ярив.

Өнгөрөгч 11 дүгээр сараас эхлэн орсон цас улам нэмэгдсээр Дорнод аймгийн нийт нутгийг бүрхэж, хүйтний эрч чангарсан энэ үед хойд сумдын хувьд цагаан зудын байдалтай байгаа юм.

                                                                                                                                     Б.Туяа

Холбоотой мэдээ