Цагдаа нар малчны хотонд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-01-17 17:20:24

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас Уянга суманд ажиллан иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдал, Гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурахтай тэмцэх хууль, дүрмийг танилцууллаа.

Тус байгууллагын Замын цагдаагийн тасгийн дарга С.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ үеэр Бадрал багийн иргэдтэй уулзан малчны хотонд очиж ажилласан нь Цагдаагийн газрын хувьд айлд очиж ажилласан анхны ажил болохыг онцолж байв.

Иргэдийн зүгээс хөдөө орон нутагт үнэмлэхгүй хүн, насанд хүрээгүй хүүхдүүд болон  согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодох явдал ихэсч, үүний улмаас бусдыг болон өөрийгөө эд хөрөнгө, эрүүл мэндээр хохироох болсон, архидан согтууралт газар авч, айдастай амьдрал их болсон гэдгийг хэлж байсан бөгөөд нийгэмд тулгамдаад байгаа эдгээр асуудалд анхаарал тавин мэдлэг, мэдээлэл өгсөн явдалд Цагдаагийн бие бүрэлдэхүүнд талархаж байв.

Түүнчлэн иргэд хөдөө орон нутагт мотоцикль унахдаа зориулалтын хамгаалах малгай өмсөөгүйгээс унаж бэртэх, амиа алдах тохиолдол багагүй байгаа юм. Шинэ оны өмнөхөн тус суманд мотоциклиос унан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ явдлыг дахин давтахгүй байх үүднээс иргэдэд сэрэмжлүүлэг, заавар зөвлөгөө өгч, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулга, таниулга хийн гарын авлага тараалаа.

Цагдаагийн газраас уг үйл ажиллагааг бүх сумдад зохион байгуулахаар 2017 оны төлөвлөгөөндөө тусгажээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ