Далай их торгууд нутаг “Баатар сум” хот болох нигууртай...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-16 09:49:19

Ховд аймгийн Булган суманд аж төрж буй өндөр настан уран бүтээлч, авьяаслаг нийтлэлч, яруу найрагч Ж.Буяндалай  анхны нийтлэлээ “минжит Булган, нийтийн сонорт хүрч дархан болох газар”  талаар бичиж байсан нь талаар болоогүй. 1965 онд АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Булган гол маань сумын дархан газар болж байжээ.

1990 онд үзэсгэлэн төгс Булган  нутгийн байгалийн нөөц газар ихээхэн багасаж улсын нөөц газар болсон юм. Булган сум мал сүргээ өсгөн үржүүлсэн амжилтаараа 1973 онд төрийн дээд “Алтан гадас одон”-гоор шагнуулж байсан бол 40 гаруй жилийн дараа 2016 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт болсон нь Булганчуудад ихээхэн урам хайрлав.
Одоо ажилсаг хөдөлмөрч, дайчин уламжлалтай Булганчууд сумаа улс аймгийн тэргүүний сумаар барахгүй “Улсын Баатар сум” хот болгох зорилт тавьж байна. Энэ нь бас учир начиртай. Яагаад гэвэл Ардын хувьсгал ялахаас өмнө улсын хил гэж байгаагүй, тэгээд ч торгуудууд 1620-иод оноос одоогийн Хятадын нутгаас газар байгалийн сайхныг сонгож, Оросын Ижил мөрөн\ижил зайр\ хүрч 140 гаруй жил нутаглаад буцаж нутагтаа ирсэн түүхтэй байдаг. Үлдсэн хэсэг нь одоогийн Орос оронд амьдарч байгаа Халимагууд юм.
Энэ их нүүдэл дунд дайн байлдаанд олонтаа өртөж ялагдаж бас ялж ирсэн баатарлаг ард түмэн юм. Тэгээд ч эрт дээрхийн цагаас хоёр гүрнийхээ нутаг дэвсгэрийг эзлэн суурьшиж газар тариалан, мал аж ахуй эрхлэн гар урлалыг хөгжүүлж байсан. “Далай их Торгууд нутаг” гэсэн алдартай байжээ. 
1971 онд Орос улсаас төрлөх Монгол орондоо буцаж ирээд Манжийн захиргаанд орсон ч Манжийн эсрэг тэмцэж, Манж нарыг Ховдоос хөөн явуулахад Торгууд Төмөржин улаач болж очоод амь эрсдсэн байдаг. 
1947 оны Байтагийн тулалдаанд торгууд Б.Бадам, Б.Чулуундай нар Монгол Улсынхаа нэрийн өмнөөс шаардах бичгийг дайснуудад хүргэж өгөөд Баясгалангийн Бадам\хожим Улсын баатар болсон\ тамлуулан цаазаар авхуулсан билээ. 
1939 оны Халх голын дайнд торгууд Энхийн Шийлэг \хожим Улсын баатар болсон\, эмэгтэй сувилагч Раашийн Хорлоо\нөхрийн хамт\ оролцож явсан байдаг. Д.Сүхбаатарын цэрэг Хиагтыг чөлөөлөхөд торгууд Сумъяабээс байлдаж явсан гээд Торгууд нарын баатарлаг гавъяаг үгүйсгэж үл чаднам.
Ялангуяа 1940-1948 онд баруун хязгаарт Байтагийн тулалдааны үеэр Булган сумынхан бултаараа айн түгшиж багш нар өдөр нь хичээлээ заагаад орой үдэш нь буу мөрлөн манаанд зогсож, гэрийн ажилтай эмэгтэйчүүд хилчдэд бээлий, гутал, хоол хүнс бэлтгэн өгч эрвийх дэрвийхээрээ сум, аймагтаа амс хийх завгүй ажиллаж ялалт байгуулсан юм.
Энэ тулалдаанаас Монгол Улсын Баатар 10, ахмад зүтгэлтэн дайчид олон төрөн гарсанаас Булган сумын торгууд нараас Монгол Улсын баатар нэг, Хувьсгалт Тэмцлийн Ахмад  дайчин 17 төрөн гарсан билээ. Дайн дуусахад Булган сумын ардын группийн ахлагч Батбаярын Дүгэр Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор, ахмад дайчин хилчин Шагдар, Чэтгээ, Амарзаяа нар Алтан гадас одонгоор, олон ахмад дайчид хилчид цэргийн ойн медаль, хүндэт тэмдэгүүдээр тус тус шагнагдсан удаатай. 
Ингээд бодохоор Булган сум маань Баатар сум хот болох магадлалтай. Торгууд нарын эртний түүхээс цухас дурьдвал, Чингис хааны эцгийн анд Хорээдийн Ван хааны удмынхан торгууд нар Чингис хааны бие хамгаалагч торгон цэрэг нь байсан  юм. 
Ингэж тарж бутарсан Далай их торгууд нарын цөөхөн “цөм хэсэг” болох холын цуутай Булганчууд  бол одоо ч оймс, ширдэгээ урлаж, газар тариалан, мал аж ахуйгаа эрхэлж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэн Улс орны хөгжил дэвшлийн  ажиллаж хөдөлмөрлөж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ