Арбитрын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Уг хуулийг Монгол Улс 2003 онд баталжээ. Гэвч энэ хууль нь НҮБ-ын Олон улсын худалдааны эрхзүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуульд нийцүүлээгүй байна. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын онцлог, НҮБ-ын Загвар хуульд нийцүүлэн боловсруулсан хэмээн Засгийн газар танилцуулгадаа тусгажээ.
Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийснийхээ дараа УИХ-ын гишүүн Н.Учралаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь хуулийн төслийг нарийвчлан судлах, зарчмын болон найруулгын зөрүүтэй алдаа, давхардлыг арилгах зорилготой юм. Энэ дагуу анхны хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгээс нийт 56 зарчмын, 10 орчим найруулгын зөрүүтэй санал болосвруулснаа танилцуулж, тус бүрд нь санал хураалт явууллаа. Ажлын хэсгийн боловсруулсан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Хуулийн төсөлд Монгол Улсад байгуулах арбитр нь түр болон байнгын ажиллагаатай байх бөгөөд дүрмээ өөрсдөө батална гэж заасан байна. Зарим нэг төрийн байгууллагууд дүрмээ батлахдаа холбогдох хуулиудаас давсан, түүнийг зөрчсөн чанга, хатуу баталдаг тохиолдол бий. Арбитр байгуулагдахад энэ жишиг давтагдахгүй юу” хэмээн тодруулсан. Уг хуулийн төслийг НҮБ-ын Загвар болон бусад улсын жишигт тулгуурлан боловсруулсан тул бусад хууль, тогтоолттой зөрчилдөхгүй гэсэн хариултыг ажлын хэсгээс өглөө.
Ч.Ариунболд