Малчид 700 орчим адууг Хятад руу гэрээгээр өгчихөөд мөнгөө авч чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
byambasuren@montsame.mn
2016-12-14 10:18:58

Улсын хэмжээнд 90 гаруй суманд өвөлжилт хүндэрсэн тухай мэдээлэл бий. Тэдгээр сумдын тоонд Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сум багтаж байгаа юм.  

Булган сумын хувьд тал хээр газраа 30-35 см, уулархаг газраа 60-80 см цастай байгаа бөгөөд зарим малчид малаа хотноосоо гаргаж бэлчээх боломжгүйд хүрч нөөцийн өвс тэжээлдээ ороод байгаа юм. Цаашид дахин их хэмжээний цас орвол 2009-2010 оны зудын нөхцөл байдлаас ч илүү гарз хохирол учрах эрсдэл байгаа учраас  малаа зарж борлуулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл  цас зуданд хамгийн тэсвэргүй бод малаа зарж борлуулан,  бог малаа онд оруулах өвс тэжээлээ худалдан авахыг илүүд үзэж байна.

Ховд аймгийн баруун гурван сумдын малчид хилээр адуу гаргахгүй гэсэн Монгол Улсын Шадар сайдын шийдвэрээс болж мал ч үгүй мөнгө ч үгүй болох эрсдэлд хүрээд байгаа тухай мэдээ байна. Зарим эх сурвалжийн мэдээлсэнээр тухайн сумдын малчид 700 орчим адууг аж ахуйн нэгжид гэрээгээр өгчихөөд мөнгөө авч чадахгүй хүлээлтийн байдалтай байна.

Хэрэв холбогдох байгууллагуудаас гаргаж байгаа шийвдэрийг хүлээх юм бол ирэх оны 4-р сарын 1 гэхэд  нөхцөл байдал нэгэнт оройтож малчид хохирох магадлал өндөр байна. Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий амьд адуу гаргадаг аж ахуйн нэгжийг бүгдийг нь биш юмаа гэхэд өвөлжилт хүндэрсэн цас зудтай сумдын малчдын адууг нэг удаадаа гадагшаа гаргах зөвшөөрөл олгож  өгөхийг  нутгийн иргэд төр засгаасаа хүсч байгаа талаар Ховд аймгийн Ховд телевизийн сэтгүүлч С.Жавзандулам газар дээр нь очиж сурвалжилсан байна.  

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ